Намрын ээлжит чуулган хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Ээлжит бус чуулган хуралдуулах талаар нэр бүхий гишүүд хэлэлцүүлсэн ч УИХ-ын дарга М.Энхболд тас гүрийсээр өнөөдрийг хүрэв. Учир нь УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах сонирхолтой Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд 60 тэрбумын асуудлыг хөндсөн учир эрх ашигтаа хүлэгдсэн М.Энхболд энэ удаад гишүүдийн өмнө бөхийсөнгүй. Түүний хувьд 60 тэрбумын хэрэгт холбогдсон нэрээ цэвэрлэх, эсвэл тас гүрийсээр дуусгах гэсэн хоёр сонголтоос “гүрийх” гэдэг дээр тогтсон бололтой.
М.Энхболдын энэ үйлдэл нь нөгөө талдаа МАН-ын дарга У.Хүрэлсүхийн дайралтыг үл тоож, харин сөрсөн довтолгоог хийх гэсэн алхамтай нь холбоотой. Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын хэргийг сөхөж байгаагийн цаана М.Энхболдыг номхруулах гэсэн У.Хүрэлсүхийн санаархал явж байгаа гэсэн хардлага МАН-ын зарим улс төрчдийн дунд үүсээд байна. Могой 7 тасравч гүрвэлийн дайтай гэгчээр М.Энхболд гэдэг улс төрч намаа ялалтанд хөтөлсөн ч өнөөдөр УИХ-ын дарга гэх сэтрээс өөр гуншингүй үлдсэн. Гэхдээ түүнийг тойрон хүрээлэгсэд, түүнд налан наалдагч, түүний нөмөрт хорогдсон улс төрчид МАН-д хүчтэй хэвээрээ байгаа. Ийм ч учраас У.Хүрэлсүхийн болгоомжилж, уурыг нь хүргэхгүй, эсвэл унагааж авахыг хүсч байгаа улс төрч нь М.Энхболд. Гэвч санасан бодсон ч сэтгэчлэн бүтэхгүй байгаа учир У.Хүрэлсүхийн хувьд М.Энхболдтой яриа хэлэлцээрийг хийж, ямагт тал засахаас өөр гарц олдохгүй шаналж байгаа бололтой.
Хэдхэн хоногийн өмнө МАН-ын томоохон улс төрчид хөдөө гарч, халуун чулуу атган хэрэг зориг, хэрхэх тухай хэлэлцсэн мэдээлэл байна. Уг хэлэлцээрийн гол төлөөлөгч нь мэдээж хэрэг М.Энхболд байсан тухай чих дэлсэв. Түүнтэй хамт Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Сү.Батболд, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан зэрэг байжээ. Тэдний хувьд эхний хэлэлцсэн асуудал нь хариуцлага хүлээхээр болсон Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ гишүүний орыг хэнээр залгуулах тухай тохирсон байна. Түүний оронд УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг томилуулах талаар хэлэлцсэн гэх мэдээлэл байна.
Намрын ээлжит чуулганаар Засгийн газрыг бүхэлд нь огцруулах тухай яриа үүсгэх нь намын нэр хүндэд харш хэмээн М.Энхболд учирласан гэх мэдээлэл байна. Харин зарим сайд нарт хариуцлага тооцож, огцруулах асуудлыг хөндөх нь зүйтэй гэдэг дээр олуулаа санал нэгдсэн гэв. Тухайлбал М.Энхболдын фракцын төлөөлөл болох Б.Цогзолмаа сайдыг огцруулахаас өөр сонголт алга. Нэгэнт хэл ам таталж, байнгын асуудалтай байгаа учир огцруулах нь зөв. Мөн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг огцруулах эсэх талаар ярилцсан байна. Ц.Даваасүрэн гишүүний хувьд У.Хүрэлсүхийн талынх. Иймээс тэдэнд сануулга болгон огцруулах асуудлыг хөндөх нь зөв. Ер нь бол огцруулж, оронд нь Сү.Батболдын фракцын төлөөллийг уг суудалд суулгах талаар ярилцжээ.
Хэдийгээр шууд огцруулна гэхгүй ч үгэнд орохыг анхааруулж, орохгүй бол огцруулах талаар хөндөх болно гэдэг анхааруулга өгөхөөр хэд хэдэн сайдын нэр яригдсан байна. Үүнд Эрүүл мэндийн сайд Б.Сарангэрэл, Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар юм. Эдгээр сайдуудын хувьд 2019 оны төсөв хэлэлцэхэд гишүүдийн үгэнд хамгийн их орох хэрэгтэй хэмээн сэм тохиролцжээ.
Ийнхүү МАН-ын 33 болон 32-ын бүлгийн хооронд үүссэн ан цав улам бүр гүнзгийрч, асуудлыг шийдэх арга хэлбэр нь илүү нягт болж эхэлсэн бололтой. Хэрэв У.Хүрэлсүх гишүүдийн үгийг хүлээн авч, сайд нарыг огцруулах, шинээр томилох асуудал дээр зөвшиөлцөлд хүрэхгүй бол бүхэлд нь огцруулах асуудлыг М.Энхболдын талынхан хөндөхөд бэлэн байгаа гэнэ. Уг санаачлагыг гаргах сөрөг хүчний төлөөллийг ч бэлдчихсэн гэх мэдээлэл байна.