Улаанбаатар хотын орон сууцны дунд хэдхэн ногоон байгууламж бүхий оршин суугчдын амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин үлдсэн билээ. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр нэгдүгээр хорооллын байрны дундах талбай. Баянзүрх дүүргийн 13-р хорооллын орон сууцны дундах багахан талбай. Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 120-ын автобусны буудлын хажуугийн талбай зэрэг. Эдгээр талбайд нүд унагааж, шунаж дурлагсад жил бүрийн урин дулааны цагт оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулж, шөнө дөлөөр хашаа хатгаж, газрыг нь ухаж сэндийлчих гэж оролдог.
Тухайлбал нэгдүгээр хорооллын орон сууцны дундах талбайг үе үеийн хотын дарга нар танил талдаа өгчихдөг. Тэр бүрт нь иргэд эсэргүүцэж, хууль хяналтын байгууллага хүртэл дарга нарын талд үйлчилж, түмэн бэрхшээлийг даван туулсны эцэст оршин суугчид амьдрах агаарт нь дэм болж байгаа хэдхэн бут сөөг, алга дарам газраа аварч үлдэг жамтай. Ийм дүр зураг сүүлийн 10 гаруй жил тус хэсэгт өрнөж байна.
Харин 2 жилийн өмнөөс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны дундах талбайг граш барина гэх нэрээр булаах гэсэн оролдлого гарах болов. Уг нь Нийслэлийн засаг дарга С.Батболд сургуулийн газар, орон сууцны нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий газарт зөвшөөрөл өгөхгүй гэж ярьж байсан санагдахын. Гэтэл амаараа ярьсан ч хачир дээрээ хамгаалах тал дээр анхаарал хандуулдаггүй нэгэн бололтой хэмээн Баянзүрх дүүргийн оршин суугчид ундуйцаж байна. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 13-р хороолол орчимд ганц үлдсэн ногоон байгууламж нь энэ гэхэд болно.
Гэтэл энэхүү ногоон байгууламжийг устгах атгаг санааг “Ирмүүн-өвөө” ХХК өвөртөлчихлөө хэмээн оршин суугчид унтууцаж байна. Тус компаний хувьд ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн энэхүү талбай дээр авто машины дулаан зогсоол барьж байгуулна. Дээд талд нь ногоон байгууламж, хүүхэд тоглох, хөгшид нарлах сүүдрэвч зэргийг хийж өгнө хэмээн ярьж байгаа юм. Гэхдээ яг одоо байгаа шиг ногоон байгууламж баригдахгүй. Ихэнх талбайг нь хатуу хучилттай болгож, цөөн хэдэн бут, сөөг, зүлэг тарьж орхиод л явчихана хэмээн зарим оршин суугчид эсэргүүцэж байна. Харин нөгөө хэсэг нь дулаан зогсоол нэрээр эхлүүлж, хэдэн давхар барилга болж хувирчхаж мэднэ. Иймээс л итгэхгүй байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байлаа.
Аз жаргалтай Улаанбаатар хотын иргэд алга дарам газраа хамгаалах гэж хөлсний хамгаалагч нараар хүрээлүүлсэн, хөрөнгө эрх мэдэлтэй хэсэгт дарлуулж, чичлүүлж байхад эрхэм хотын дарга С.Батболд та юу бодож сууна вэ? Амлаж байсан амлалт, ажил хэрэг болгоно гэсэн бүхэн тань үүл мэт завхарч байгаа юм биш биз.
Өөрөө зөвшөөрөл өгсөн, эс өгснөөс хамаарч иргэдийн эрх ашгийн төлөө ногоон байгууламж сүйтгэх гэж байгаа энэ үйлдлийг таслан зогсоох зориг, зүрх танд алга уу?
Иргэдийнхээ өмнөөс гүйнэ хэмээн их л том дуугарч байсан НИТХ-ын дарга С.Амарсайхан бас хаана байна вэ? Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн засаг даргын хийж хэрэгжүүлж байгаа хөөрхийлөлтэй ажил дээр очиж шүүмж хэлж, шоудаж суухын оронд энэ мэт иргэдийнхээ эрх ашиг хөндөгдсөн асуудлыг анхааралдаа авч засах, залруулах ажлыг хийвэл тун сайн байна.
Аз жаргалтай Улаанбаатар хотын иргэд өдөр бүр жаргалдаа ташуурч алга дарам газраа хамгаалах гэж шөнө унтах нойроо хугаслан жижүүрлэж, өдөр нь ажлаа таслан эсэргүүцэж суугааг эрхэм хотын удирдлага болох С.Батболд, С.Амарсайхан нар тунгаан бодох буй за.