Монгол улсад эм худалдаалдах 2000 гаруй цэг бий. Эдгээрээс 746 эмийн сан нь эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлтэй үнээр эм худалдаалдаг. Эдгээр цэгт эм харьцангуй үнэтэй. Жишээ нь толгойны эм гэхэд л зэрэгцээ шахуу байрлалтай 3 эмийн санд тус бүртээ өөр үнэтэй. Нэг нь 700 төгрөг гэхэд нөгөөх нь 750 төгрөг. Харин иргэдэд ойр, өрхийн эмнэлгийн хаяанд байрлаж байгаа эмийн сан нь уг эмийг 1000 төгрөгөөр худалдаалж байх жишээтэй.
Сүүлийн үед ханиад томуу ихссэн. Үүнтэй холболотойгоор 0-5 насны хүүхэд уух зориулалттай ханиад томууг эмчлэх сироп эмний үнэ 100-3000 төгрөгөөр нэмэгдсэн талаар иргэд гомдлож байна. Энэ бол бараг л энгийн үзэгдэл. Үүнээс гадна эмнэлгийн хаяа түшиж үйл ажиллагаа явуулдаг эмийн сангуудын хувьд зарим бүтээгдэхүүнээ хэтэрхий өндөр үнээр зардаг.
Тухайлбал нэгдүгээр эмнэлгийн ойролцоох эмийн сангууд. Тэнд хагалгаанд хэрэглэх зориулалт бүхий жижиг хэрэгсэл, боолтын материал зэрэг нь маш үнэтэй. Яарч сандарсан иргэд тэндээс л авна. Хямдыг нь хайгаад явах цаг байдаггүй. Ялангуяа мэс засалд орох гэж байгаа хүмүүсийн ар гэрийхэнд эмч нар цагийг нь тулгаж боолтын тийм материал, зүсэлтийн тийм хутга авчир. Манай эмнэлгийн тэнд байгаа тийм эмийн санд тэдэн төгрөг гэдэг. Миний нэрийг хэлээд аваарай гэх зэргээр эмийн сангийн боловсон сүлжээний бизнес Эрүүл мэндийн салбарт цэцэглэн хөгжиж эхлээд байна. Үүнийг мэддэг хэрнээ мэдэхгүй өнгөрөх нь зүйд үл нийцнэ. Иймээс Эрүүл мэндийн салбарынхан үүнийг жижиг гэж орхихгүйгээр анхааралдаа авч асуудлыг шийдэхгүй бол улам бүр даамжрах шинжтэй байна. Үүнийг гэрчилж байгаа нэг баримт бол Гэмтэл согог сэргээн засах төв эмнэлгийн үүд орчимд байрлах эмийн сангуудын бараа бүтээгдэхүүний үнэ ханш.
Юу гэсэн ч үг юм. 2000 төгрөгийн түрхлэгийг 15,000 төгрөгөөр зарна гэдэг нь хүний зовлонгоор жаргал хийж байгаа хэрэг биш гэж үү. Аливаа барааныхаа үнийг 2 нугалж зарлаа гэхэд аа шуналтай гээд өнгөрч болох юм. Харин 7 дахин нугалж зарж байгаа эмийн сангийн эздийг юу гэж нэрлэх вэ? Иймээс энэ бүхэн дээр холбогдох газар нь анхаарлаа хандуулахыг хүсч байна.