ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХ БАГШ НАРЫН ШААРДЛАГАД ХАРИУ ӨГЛӨӨ

ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХ БАГШ НАРЫН ШААРДЛАГАД ХАРИУ ӨГЛӨӨ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар өчигдөр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Багш нарын ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгийн төлөөлөлтэй уулзаж, цалин нэмүүлэх асуудлаар тавьсан шаардлагынх нь хариуг өглөө.

Засгийн газраас багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг зөвшилцлийн зарчмаар шийдвэрлэж, ажил хаялтыг яаралтай зогсоож хүүхдийн сурч боловсрох эрхийг хангахад хамтран ажиллахыг хүсээд улс орны эдийн засийн байдал багш нарын шаардсан хэмжээгээр цалинг нэмэгдүүлэх боломжгүй энэ нөхцөлд  эхний ээлжинд 2014 онд үүссэн боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалингийн зөрүүг арилгах арга хэмжээ авч ирэх онд төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх, багш нарын албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэх замаар цалинг үе шаттайгаар нэмэгдүүлснээр 2020 он гэхэд үндсэндээ 50 орчим хувиар цалин өснө гэсэн байр суурьтай байгааг С.Чинзориг сайд танилцуулж тодорхой санал бүхий хариуг өглөө.

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонд илгээсэн шаардлагын хариуг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНД

            Шаардлагын хариу

            Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, 2018 оны есдүгээр сарын 12-нд зохион байгуулсан жагсаал цуглаанд оролцогчдоос ирүүлсэн шаардлагатай танилцаад дараах хариуг хүргүүлж байна.

  1. Засгийн газраас төсвийн сахилга батыг сайжруулж ажилласны үр дүнд төсвийн орлого нэмэгдсэн ч тулгамдсан гадаад өрийг барагдуулах шаардлагын улмаас орлогын өсөлтийг хүн амын бодит орлого, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд зарцуулах боломж хомс байна. Засгийн газар байгуулагдсанаас хойш зээл, зээлийн хүүгийн 5.7 их наяд төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд энэ оны эцэс гэхэд 875.0 тэрбум төгрөгийн зээлийн төлбөр хүлээгдэж байна. Гэхдээ Засгийн газар эдийн засгийн өсөлт, төсвийн боломжийг иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа болно.

            2017-2018 онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг хүрсэн түвшинд хадгалах, царцаах, албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн шатлалыг ахиулахыг зогсоох, тэтгэвэрт гарсан албан хаагчийн оронд нөхөн томилгоо хийхгүй байх талаар Улсын Их Хурлын “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2017 оны 29 дүгээр тогтоолын 1.4, 1.5, 1.6 заалтуудыг хүчингүй болгох тогтоолын төслийг 2019 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамтатган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлээд байна.

            Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд тус сангийн ажлын хэсэгтэй төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар хийсэн хэлэлцээрээр тохиролцсоны үндсэн дээр цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан 2018 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс нэмэгдүүллээ. Түүнчлэн боловсрол, эрүүл мэндийн салбарын зарим ажилтнуудын албан тушаалын ангилал, зэрэглэлийг ажлын байрны үнэлгээг үндэслэн шинэчлэн тогтоож цалин хөлсийг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ ажлыг цаашид дэс дараатай үргэлжлүүлнэ.     

            Та бүхний шаардлагад тусгасан багш нарын цалинг 2018 оны 9 дүгээр сараас    15 хувиар нэмэгдүүлэх төсвийн боломжгүй байгаа тул боловсролын болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалингийн доод жишгийг 2014 онд шинэчлэн тогтооход үүссэн 4.3 хувийн зөрүүг арилгах арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2018 оны төсвийн багцад зохицуулан шийдвэрлэж энэ оны     9 дүгээр сараас хэрэгжүүлэх саналтай байна.

  1. Төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 2017 онд 300.0 мянган төгрөгийн урамшууллыг нэг удаа олгох үед төрийн албан хаагчид болон Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудаас энэхүү урамшууллыг цалин нэмэгдүүлэх эх үүсвэр болгох саналыг ирүүлж байсан. Засгийн газраас 2018 онд төрийн албан хаагчдад олгох урамшууллын 56.4 тэрбум төгрөгийг үндсэн цалинг нэмэгдүүлэх эх үүсвэр болгохоор шийдвэрлэсэн нь төрийн албан хаагчдын үндсэн цалинг тогтмол нэмэгдүүлэх боломж бүрдүүлсэн гэж үзэж байна. Энэ онд төрийн албан хаагчдын цалинг 56.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь 2019 оны төсөвт 165.0 тэрбум төгрөгийн зардал болж тусч байгаа бөгөөд энэ хэмжээгээр төрийн албан хаагчдын орлого нэмэгдэх болно.

            3.Цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд 1.0 их наяд төгрөг нэмж шаардагдана. Төсөвт ийм хөрөнгийн боломж хомс бөгөөд цалинг огцом өндөр хувиар нэмэх нь бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх сөрөг талтай болно. Харин төрийн албан хаагчдын цалинг 2014 онд нэмэгдүүлснээс хойш хүн амын худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор Засгийн газрын    2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хугацаанд үе шаттайгаар төрийн албан хаагчдын цалинг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

            Төрийн албан хаагчдын цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэх болон боловсрол, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэх арга хэмжээний хүрээнд цалинг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэхэд 220.0 тэрбум төгрөгийг 2019 оны төсвийн төсөлд тусгахаар Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Харин 2019 оны төсвийн төслийг Засгийн газар хэлэлцэх гэж буйтай холбоотойгоор ирэх онд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэхэд шаардагдах эх үүсвэрийн хэмжээг Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай яаралтай зөвшилцөн саналаа нэгтгэх шаардлагатай байна. Мөн Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарын албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэх асуудлаар салбарын яамтайгаа саналаа нэгтгэн яаралтай ирүүлэх нь чухал байна.

            4.Багш нарын ажил хаялт хуульд нийцсэн эсэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шүүх эцэслэн тогтоох ёстой ч Засгийн газрын хувьд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, багш нарын байр суурийг хүндэтгэж шүүхэд хандах сонирхол одоогоор байхгүй болно. Иймд хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах үүднээс ажил хаялтад оролцож байгаа багш нарын цалин хөлсийг нөхөн олгох асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.           

            Багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг зөвшилцлийн зарчмаар шийдвэрлэж, ажил хаялтыг яаралтай зогсоож хүүхдийн сурч боловсрох эрхийг хангахад хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд  С.ЧИНЗОРИГ