Боловсролын салбарт хэрэгжиж байгаа нэгэн гажуудал бол төлбөр өндөртэй хувийн дунд сургуулийн хувьсах зардлыг төр даадаг явдал юм. Энэхүү асуудал олон жил яригдаж байгаа ч шийдэгдэхгүй явсаар өнөөдрийг хүрээд байна.
Улсын гэх тодотголтой Ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид Улаанбаатар хотод дор хаяж 45 дээд тал нь 60 гаруй хүүхэд суралцаж байна. Ялангуяа сайн гэх бага ангийн багшийн ачаалал хэд дахин нэмэгддэг гэхэд болно. Иймээс л 30 хүүхэдтэй хичээллэж чадахгүй 60 хүүхэдтэй хичээллэж байгаа багш нарын хувьд цалингаа нэмүүлэхээр энэ өдрүүдэд тэмцэл өрнүүлж байна. Тэдний буруу гэж шууд хэлэх нь өрөөсгөл. Цалинг нэмж чадахгүй хэмээн муйхарлаж байгаа У.Хүрэлсүхийн засгий газрын сайд нар хэрэг болох нэгэн шийдлийг санал болгоё. Энэ бол төр төсвөөсөө хумслан өгдөг хувийн ерөнхий боловсролын сургуульд өгч байгаа зардлыг багш нарт цалинг нь нэмэх, эсвэл урамшуулал хэлбэрээр олгоход яагаад болохгүй гэж вэ?
2015 оны Төсвийн тухай хуулийн төслийг дагалдан хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байв. Эдгээр хуулийн нэг нь боловсролын тухай хууллийн өөрчлөлт юм. Уг хуулийн өөрчлөлтөөр “Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид төрөөс ногдох сургалтын нормативт зардлын хэмжээг тогтоосон байдаг. Ингэж тогтоохдоо тухайн боловсролын сургалтын байгууллагын сургалтын төлбөртэй нь уялдуулан Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно” гэж хувийн сургуулийн эрх ашгийг хамгаалсан заалтыг шигтгэж өгсөн юм. Энэхүү заалтын хар гайгаар хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудын нормативт зардлын хэмжээг сургалтын төлбөртэй нь уялдуулан таван шатлалтай байхаар хуульчилсан.
Уг хуулийн ачаар өнөөдөр 1.5 сая хүртэлх төгрөгийн төлбөртэй сургуулийн хувьсах буюу норматив зардлыг төрөөс 100 хувь дааж байна. Харин гурван сая хүртэлх бол 80 хувь, таван сая хүртэл төлбөртэй сургуулийн хувьсах зардлыг 60 хувь, 10 сая болчих юм бол 40 хувь, 10 сая төгрөгөөс дээш бол 20 хувийг төрөөс дааж байна. Ерөнхий боловсролын хувийн сургууль хэдэн арав, бүр зуун сая төгрөгийн төлбөртэй байсан ч хүүхдийнхээ тоогоор хувьсах буюу норматив зардлыг төрөөс хувьчлал тогтоолгон авч байна гэсэн үг.
2015 оны хуулийн өөрчлөлт орохоос өмнө хувийн ерөнхий боловсролын сургуульд өгдөг хувьсах зардлын хэмжээ 1,5 тэрбум төгрөг байжээ. Харин 2017 онд энэ тоо 25 тэрбум төгрөгт хүрсэн. 2018 онд энэхүү зардал 30 тэрбум төгрөг болчихсон гэдгийг албаныхан ярьж байна. Өндөр төлбөртэй сургуульд төр хорь, гучин тэрбум төгрөгийг өгч байгаа хэрнээ үдийн цай хөтөлбөрт нэг сурагчид 600 төгрөгийн хүнс өгч байгаа нь шударга, бас тэгш хандлага мөн гэж үү?
Эсвэл өөр жишээ авч үзье. Өнөөдөр нэг ангид 45-56 сурагч суралцдаг. Мөн гурван ээлжээр хичээллэж байгаа Ерөнхий боловсролын сургууль Улаанбаатар хотод 38 байна. Эдгээр сургуулийн байрыг шинэчлэх, өргөтгөхөд зарцуулах хөрөнгө дутмаг хэмээн БСШУСЯ-ны газар нэгжийн дарга, цаашлаад сайд нь өчдөг. Гэтэл өндөр төлбөртэй, ашигтай ажиллаж байгаа бизнесийн байгууллагад өгч байгаа 30 тэрбум төгрөгөөр 500-600 хүүхэд суралцах боломжтой сургуулийг 3-ыг барих боломжтой гэж барилгын салбарын зарим мэргэжилтэн өгүүлж байна.
Хувийн төлбөртэй Ерөнхий боловсролын сургуульд 30 гаруй мянган хүүхэд суралцдаг гэх албан бус мэдээлэл байна. Эдгээр хүүхдүүдийн тоогоор хувьсах зардал авч ашиг дээрээ ашиг нэмж байгаа төлбөртэй сургуулиуд төрд үүрүүлсэн зардлаа татах ухамсар алга. Харин ч нэмж авахын тулд элдэв луйвар, зүй бус үйлдэл гаргадаг гэнэ. Тухайлбал 20 сурагчтай сургууль 50 сурагчтай хэмээн мэдүүлж хувьсах зардал авч байсан зөрчлийг 2 жилийн өмнө Мэргэжлийн хяналтын байгууллага илрүүлж, зохих арга хэмжээг авч байжээ.
Хувьсах зардлаа төрөөс даалгаж байгаа энэ гажуудал зөвхөн Ерөнхий боловсролын сургууль дээр үйлчилж байгаа зүйл биш. Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт ч мөн л энэ гажуудал байдаг. Хувийн хэвшлийн төлбөртэй цэцэрлэгт 33 мянга орчим сургуулийн өмнөх насныхан суралцаж байна. Эдгээр хүүхдийн тоогоор төрөөс хувьсах зардлыг олгодог байна. Цэцэрлэгийн насны хүүхдэд төрөөс хувьсах зардал өгөх явдлыг нэг талаасаа боловсролын байгууллагынхан хүлээн зөвшөөрдөг юм билээ. Учир нь улсын цэцэрлэг хүүхдүүдийг 100 хувь хамруулж чадахгүй байгаа. Иймээс энэ асуудал дээр сөрөг хандлага бага.
Харин Ерөнхий боловсролын сургуулийн хувьд 30 биш 60 хүүхдийг нэг ангид суулгаад ч хамаагүй анги дүүргэлтийг тултал нь хийж байгаа. Энэ утгаараа хувьсах зардлыг хувийн сургуульд өгөхийг эсэргүүцэж, олон хүүхэдтэй ажиллаж байгаа багш нарт өгөх нь зүйтэй гэсэн хандлага нийгэмд өрнөж байна.
Хүүхэд олонтой, төлбөр нь 10 сая төгрөгнөөс дээш сургуульд төрөөс хувьсах зардлынхаа 20 хувийг авахгүй болчихлоо гээд дампуурахгүй. Харин ч илүү шударга өрсөлдөөн өрнүүлэх боломжтой. Харин уг зардлыг төр авч үлдсэнээр багш нарыг урамшуулах, цалингийн системд зарцуулах боломж бүрдэх юм. Үүнийг 2019 оны төсөв хэлэлцэхдээ засч залруулах үүрэг нь УИХ-ын гишүүдэд байгаа гэдгийг дуулгая. Хувийн сургуульд өгдөг норматив буюу хувьсах зардлыг танах талаар хамгийн их хөндөн ярьдаг гишүүд энэ удаад илүү эрчтэй асуудлыг хөндөх боломжтой гэдгийг дуулгая.