Өнөөдөр 10 цаг 25 минутын орчим Улаанбаатар хот эрчим хүчний тасалдалд өртөв. Монгол улсын хүн амын тал нь. Аж ахуйн нэгж, үйлдвэр, эмнэлэг гэх мэт онц чухал газрын дийлэнх нь байрлаж байгаа Улсын нийслэлд цахилгаан эрчим хүчний 0 зогсолт үүссэн шалтгааныг албаныхан хайж эхлэв. Ямар ч шалтгаантай байсан хүн бүр нэг дүгнэлтэд хүрэх учиртай болжээ.
20 жил яриад эхлээгүй бүтээн байгуулалт
Эрчим хүчний салбарт 20 жилийн өмнө шав нь тавигдаж сүүлийн 4 засгийн газрын үеп баригдаж эхлэх гэж байгаа мэт яригдаж байгаа нэг том бүтээн байгуулалтын сэдэв бол 5 дугаар цахилгаан станц.
20 жил биш 8 жилийн өмнө 5 дугаар цахилгаан станцын талаар хэрхэн ярьж, юу гэж донгодож байсан тухай эргэн сануулая. 2011 онд эхлүүлж, 2015 онд эхний хэсгийг ашиглалтад оруулж, 2020 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж хэмээн эрчим хүчний салбарын их мэдэж, том дуугардаг нөхөд ноцож байлаа. Энэ үед баригдах гэж байна хэмээн догдолж суусан иргэдийг гонсойлгосон мэдээ нь цахилгаан станц барих газрыг өөрчилсөн явдал юм. Улиастайд барина хэмээн төлөвлөж байсан цахилгаан станцыг Улаанбаатар хотын утааг нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй хэмээн үзэж газрыг нь дахин олгохоор болсон юм.
Ийнхүү газрын маргаан явж байгаад 2013 оны 04 сарын 18 өдөр тухайн үеийн Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр буюу Ургах наран хорооллын урд 5 дугаар цахилгаан станц барих газрыг олгож байлаа.
Үүний дараа 450 мВт хүчин чадалтай цахилгаан, дулааны хосолсон станц барих, ашиглах, засвар үйлчилгээг хариуцах нөхцөлтэйгээр концессын гэрээгээр барих асуудлыг тухайн үеийн засгийн газар хөндөж эхэлсэн билээ. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын засгийн газар 5 дугаар цахилгаан станцыг барих талаар ярьж байв. Гэвч үр дүн, шийдэл бас л байхгүй үлгэр жаргачихаад байна.
2016 оны сонгуулийн дараа МАН-ын толгойлсон буюу Ж.Эрдэнэбатын засгийн газар, мөн У.Хүрэлсүхийн засгийн газар 5 дугаар цахилгаан станцыг барих тал дээр бодитой ажил хийсэнгүй. Бас уг станцыг барих, газрыг нь ашиглах, мөн эсэх тухай ч яриа хэлэлцээр өрнүүлээгүй байна. МАН-ын үед 20 жилийн өмнө ярьж эхэлсэн 5 дахь эх үүсвэр буюу Цахилгаан дулааны хосолсон станц барих ажил ийнхүү жаргаж болзошгүй байдалтай нам гүмхэн оршиж байна.
Багануурын цахилгаан станц улс төрчийн золиос болов
Багануурын уурхайг түшиглэн байгуулагдах цахилгаан станцын яриа хэлэлцээр 2016 оноос хойш эрчтэй явсан. Нэг үгээр хэлбэл 5 дугаар цахилгаан станцын үлгэрийг жаргаах мэт нам жим болгосон МАН-ынхан шинэ үлгэр зохиож, түүнийгээ хэрэгжүүлэх гэж хичээх болов. Гэтэл бас шууд хэрэгжих эд биш бололтой. Өнөөдөр гацчихаад байна. Энэ бол Багануурын цахилгаан станц.
Барих-Ашиглах-Шилжүүлэх нөхцөлтэйгээр концессын гэрээгээр хийгдэхээр тусгагдсан энэхүү төсөлд БНХАУ-ын компани шалгарсан юм билээ. 1,2 тэрбум ам долларын өртөгөөр баригдах уг станцыг Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэмээн зарим эх оронч нөхөд цээжээ дэлдэж, хойноос нь энхрий орондоо эрхэм хайртай улс төрчид ташуур өргөсний хүчинд гацаачихаад байна. Багануурын цахилгаан станцыг эсэргүүцэгч нөхөд уг станц ашиглалтад орсон нөхцөлд Монгол улсын эрчим хүчний хэрэглээний 70 хувийг дангаараа тус станц гаргана. Үүнийг нь монголчууд авахын тулд 3, 4 дүгээр дулаан, цахилгааны станцын хүчин чадлыг бууруулах болно гэх тайлбарыг өгч байлаа. Ийнхүү МАН-ын эхлүүлсэн эрчим хүчний бас нэг үлгэр хэрхэн өрнөх, үйл явдал нь яаж үргэлжлэх нь тодорхой бус. Улс төржид уг үлгэрийг үргэлжүүлэн зохиохоор бэлтгэлээ базааж байна.
0 зогсолт буюу үлгэр бус үр дүнг эрчим хүчний салбар үгүйлэв.
Улаанбаатар хотын цахилгаан тасарч, хот харанхуй нөмөрсөн өнөөдрийг дүр зураг дахин давтагдахгүй гэх баталгаа алга. Өнөөдөр дулаан, цахилгааны станцад том гэмтэл гараад эрчим хүч тасалдсан хэрэг биш гэнэ.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн өгүүж байгаагаар бол: Өнөөдөр ДЦС-4 таг зогсов. Улмаар бусад ДЦС саатал гарлаа. Энэ нь аваар осол, технологийн гэмтэлтэй холбоогүй. Тэг зогссон учраас эргээд эрчим хүчийг сэргээхэд асуудал бага үүслээ ДЦС-4 хэвийн байдалд орж байна. Урьдчилж авсан мэдээллээр сэлгэн залгах үед технологийн горим зөрчигдсөн байж магадгүй байна.Нэг хүний мэдлэггүй байдал нийт системд доголдол үүсгэж гай боллоо.Манай эрчим хүчний систем өөрөө бие даагаагүй байгаа тул бид дүгнэлт хийх хэрэгтэй хэмээн тайлбар өгчээ.
Нэг хүний мэдлэг үгүй асуудал гол нь биш. Нийт систем маш хэврэг байгаа гэдгийг энэ удаагийн үйл явдал харуулчихлаа. ДЦС-4 дээр ямар нэгэн доголдол гарахад л Улаанбаатар хот эрчим хүчээр тасалдаж, эрсдэлд орж байна. Хэрэв өвөл ийм зүйл болсон бол илүү том аюулын харанга дэлдэх байсан биз.
ДЦС-4 бол Улаанбаатар хотын эрчим хүчний 60 гаруй хувь, дулааны 80 орчим хувийг дангаараа хангаж байгаа. Нөгөө талдаа Монгол улсын эрчим хүчний урсгалын амин цэг. ДЦС-4 ямар нэгэн байдлаар саатахад л эрчим хүчний систем бүхэлдээ ганхаж байна гэсэн үг.
Үлгэр жаргаж, үр дүнд хүрэх цаг болжээ. Улс төрчид талцаж, ууж, идэх шуналдаа хязгаар тогтоож, урагшлах цаг болсон байна. Таны шунал түмэн олныг хохироох ёсгүй гэдгийг төрийн өндөр сэнтийд суусан, эрчим хүчний салбараас их ашиг олох гэж улайрч байгаа хэдхэн хүнд анхааруулчихая. Одоо болно.