ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Шивээхүрэн, Сэхээ боомтод ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Шивээхүрэн, Сэхээ боомтод ажиллалаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллах үеэрээ аймаг, сумдын удирдлагуудтай уулзаж, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг өргөтгөх, нэвтрүүлэх чадлыг нэмэгдүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо. Мөн хил орчмын бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ярилцсан юм.

Харин маргааш өдөр нь буюу энэ сарын 16-нд тэрбээр Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод ажиллалаа.

Шивээхүрэн боомтоор өдөрт “МАК- Нарийн сухайт”, “Тавантолгой шин”, “Дөрвөн зам транс”, “Рояалмоунт” зэрэг 17 компани нүүрс тээвэрлэлт хийж, хоногт 750-800 тээврийн хэрэгсэл нэвтэрч 60-80 мянган тн нүүрс экспортолж байна. Энэ нь өнгөрсөн оны тээвэрлэлтээс 3,2 хувь өссөн үзүүлэлт ажээ. 

Шивээхүрэн боомтод ажилласныхаа дараа ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Сэхэ боомтын орох, гарах талын 4 гарцаар нэвтэрч буй нүүрс тээвэрлэлт, тээврийн хэрэгслийн хүлээлгийн талбай, Олон улсын чанарын хяналтын төв, Хүүхдийн цэцэрлэг, худалдааны зах, мах боловсруулах болон хөргөх үйлдвэртэй танилцлаа.

Энэ үеэрээ Өвөр Монголын Альшаа аймаг болон Сэхэ боомтын удирдлагуудтай уулзаж, Шивээхүрэн-Сэхэ боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар ярилцлаа.

 

Сэхэ боомтод гарах, орох гарцыг нэмэгдүүлэх ажил ид хийгдэж буй бөгөөд ирэх сарын эхээр боомтын хүчин чадал нэмэгдэх боломжтой болно гэдгийг тус боомтын дарга тэмдэглэж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.