Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын холбооны улсын Владивостокийн Дорны эдийн засгийн форумд оролцлоо. Түүний хувьд 4 дэх удаагаа болж байгаа уг уулзалтад 2 дахь удаагаа оролцож байгаа нь энэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь НҮБ-ын хуралд очдоггүй хирнээ Орост болдог Дорны эдийн засгийн уулзалтад ач холбогдол өгч оролцдог гэхэд болно. Түүний хувьд Оростой түншлэх, Орос улстай харилцаагаа гүнзгийрүүлэх чиглэлд ажиллаж байгаа мэт харагдана. Гэвч үр дүн нь аль вэ? Үүнийг өнөөдөр ярилцах, шүүн тунгаах цаг нэгэнт болжээ.
Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувьд Оросын холбооны улсын Владивостокийн уулзалтад орохдоо өнөөх л нүүрсийг дэлхийн зах зээлд борлуулах. Ингэхдээ Орос улсаар дамжуулах тухай өмнө нь ярьж байсан үр дүнд хүрээгүй асуудлаа дахин л хуучилж сууна. Өнгөрсөн жил Дорны эдийн засгийн форумд оролцохдоо бас л энэ талаар ярьж, Сибирийн бүс нутгаар дамжуулан далайд гаргаж, Дэлхийн зах зээлд Монгол улсын нүүрсийг борлуулах тухай ярьсан. Тэр өнөөдөр ч бас л энэ л яриагаа давтав. Үр дүн нь хаана байна вэ? Эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга аа!!!!
10 жилийн өмнө Х.Баттулга гэдэг хүн Орос улсаар дамжуулан Монгол улсын нүүрсийг зарна хэмээн ярьж байсан. Өнөөдөр бас л ярьж байна. Ярих нэг хэрэг. Хийх бас нэг хэрэг. 5000 км зам туулан нүүрсээ зарах, эсвэл 500 км зам туулан нүүрсээ борлуулах хоёрын дунд ялгаа байгаа гэдгийг эдийн засагчид тайлбарлаж, бас асуудлыг эерэгээр харахыг анхааруулсаар байхад л энэ хүн зүтгэсэн хэвээрээ. Үр дүнд нь Монгол улс нүүрсээ БНХАУ-д борлуулах гэж бөөн зодоон, бас түмэн хэрүүл өрнүүлж сууна.
Оросын холбооны улсын Ерөнхийлөгч Путин Монгол улсад шилний цаанаас чихэр долоолгох ажлыг маш сайн хийж байна. Тэр дундаа Ерөнхийлөгч Х.Баттулгаар дамжуулан уг ажлыг хийдэг гэх хардлага нийгэмд төрж эхэллээ. Учир нь өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдлыг нэрлэж болох юм. Тухайлбал төмөр зам. Энержи ресурс ХХК өөрийн хөрөнгөөр төмөр зам барьж, нүүрсийг БНХАУ-д экспортлох боломжийг гаргах гэж байв. Гэвч Х.Баттулга Төрөөс баримтлах төмөр замын бодлого хэмээх бичиг баримт гаргаж, уг ажлыг гацаасан. Өнөөдөр 280 сая ам доллараар шороо овоолж, уг шороо нь үеэрийн усанд идэгдэж эхэлсэн дүр зураг байна. Нэг үгээр хэлбэл төмөр зам барих гэж 280 сая ам доллараар дарга нар тоглочихлоо. Үр дүн алга. Хэрэв хувийн хэвшил уг ажлыг хийсэн бол өнөөдөр төмөр замаар нүүрс тээвэрлэж, төр худалдан авах, эсвэл эрхийг нь шилжүүлэх гэсэн яриа хэлэлцээрт орсон байж болох байлаа.
Өнгөрсөн онд төмөр зам барих. Гадны хөрөнгө оруулалтаар уг ажлыг хийх талаар ярьж эхлэхэд л ОХУ-ын Ерөнхийлөгч Путин 100 тэрбум рубль зээлүүлнэ. Үүнийгээ УБТЗ-ыг сайжруулахад зарцуулна хэмээн ярьж байсан. Сайхан санал хэмээн алга ташиж, бас болоогүй Сибирийн төмөр замыг ашиглан нүүрсээ гадаад зах зээлд гаргана хэмээх том мөрөөдлийг тээсэн төрийн тэргүүн Х.Баттулга нэг жил өнөөх л яриагаа давтав.
Гүйх нохойд гүйхгүй нохойн саад гэгчээр ажил хийж, асуудал шийдэх гэхээр ямар нэг байдлаар тээг, чөдөр тушаа болдог ажлыг гаргуунт хийж байгаа эрхмийг өндөр сэнтийд залж, өргөмжлөн шүтэж байгаагийнхаа горыг түмэн олон бид тасралтгүй амсаж байна.
Саяхан Эрдэнэс таван толгой ХК нүүрснийхээ нөөцийг 8 тэрбум болгож чадлаа хэмээн баярлаж сууна. Яг өнөөдрийнх шиг нүүрсээ авто машинаар зөөж суух юм бол 8 биш 800 тэрбум тонн байгаад ч бидэнд ашиг нь үл хүрнэ. Учир нь дэлхийн зах зээл дээрх нүүрсний хэрэглээ жил бүр буурсаар байгааг бид сайн тооцох учиртай. Хамгийн хямд зардлаар боломжит үнээр борлуулах зах зээл 500км дотор байхад илүү том харж, шунаж байгаад аль ч үгүй хоцрох замыг ах нартайгаа нийлэн сонгоод байгаа юм биш биз.
Дорны эдийн засгийн форумд оролцсон Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын байр суурь. Дэвшүүлж байгаа санал, хэрэгжүүлнэ хэмээх бодлогоос харах юм бол найдлага алга. Бид найдсаар, Ерөнхийлөгч Х.Баттулга нүүрсээ Оросоор дамжуулж зарна хэмээн ярьсаар байх аваас дахиад 10 жилийн дараа бид яг л ийм л байх дүр зураг харагдаж байна шүү.