БНХАУ-ын Түвд соёлын солилцооны төлөөлөгчид Монголд айлчилж байна. Энэ удаагийн төлөөлөгчдийг Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн гишүүн Хао Шы-Юань ахалж, төлөөлөгчийн бүрэлдэхүүнд Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны Хүний эрхийн газрын алба, Хятадын Түвд судлаач, Юньнань мужийн Дичингийн Түвд үндэстний өөртөө засах жөүгийн соёлын гадаад харилцааны албаны төлөөлөл багтжээ.
Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн гишүүн Хао Шы-Юань “Хятад бол өргөн уудам нутаг дэвсгэр, олон үндэстэнтэй орон юм. Түвд соёл нь Хятадын соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг. Орчин үеийн эдийн засаг, нийгмийн хөгжилд Түвд соёл болон бусад цөөнх үндэстний соёлыг хэрхэн хамгаалах нь Хятад улсын чухал үүрэг юм. Хятадын Засгийн газар үүнийг ихэд чухалчилдаг бөгөөд Олон улсын хамтын нийгэмлэг ч ихээхэн анхаарах болсон. Хятад, Монгол хоёр орны шашин, соёлын солилцоо урт удаан түүхтэй, нийтлэг олон зүйлтэй, хамтын ажиллагаа, солилцоо хийх боломж нээлттэй байна” гэв.
Айлчлалын үеэр, төлөөлөгчид Монголын эрдэмтэн судлаачид, буддын шашны төлөөллүүд, хэвлэлийнхэнтэй санал бодлоо солилцож, Түвд болон Юньнань мужийн Дичингийн Түвд үндэстний өөртөө засах жөүгийн эдийн засаг, нийгмийн хөгжил, буддын шашны хөгжил, Түвд соёлыг хамгаалж, хөгжүүлэх тухай Хятадын засгийн газрын бодлогыг танилцуулсан байна.
Эх сурвалж: Синьхуа агентлаг