БНСУ-ын нийслэл Сөүл хотод дэлхийн 52 орны батлан хамгаалахын удирдах түвшиний төлөөлөгчид, 3 олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон “Сөүлийн Батлан хамгаалахын яриа хэлцэл 2018” зохион байгуулагдлаа.
Долоо дахь удаагаа зохион байгуулагдаж буй олон талт аюулгүй байдлын яриа хэлцэлд Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Яриа хэлцэл нь “Тогтвортой энх тайван: Мөргөлдөөнөөс Хамтын ажиллагаа” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах; Зүүн Хойд Азийн стратегийн түншлэл; Хүчирхийлэл, заналхийлэлтэй тэмцэхэд чиглэгдсэн батлан хамгаалах хамтын ажиллагаа; Далайн аюулгүй байдал гэсэн үндсэн дөрвөн хэлэлцүүлэг явагдсан ба Энхийг сахиулах ажиллагаа, Терроризмтэй тэмцэх ажиллагаа, Эрчим хүчний аюулгүй байдлын хамтын ажиллагаа, Кибер аюулгүй байдлын талаар салбар хэлэлцүүлэгүүд явагдлаа.
БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Сун Ён Мү нээлтийн ёслол дээр тэмдэглэхдээ, “Сөүлийн батлан хамгаалахын яриа хэлцэл нь Солонгосын Хойг, Зүүн Хойд Азид төдийгүй дэлхий нийтийн энх тайван тогтвортой байдалд өөрийн хувь нэмрийг оруулах бүс нутгийн томоохон арга хэмжээ болж өргөжиж байгаа”-г онцоллоо.
Энэ удаагийн яриа хэлцэл нь оролцогчийн тоогоороо төдийгүй хэлэлцэж буй хэлэлцүүлэгийн агуулгаараа өмнөх хэлцэлүүдээс өргөжиж зөвхөн Солонгосын Хойг, Зүүн Хойд Азийн аюулгүй байдлыг хэлэлцээ зогсохгүй дэлхий нийтийн хувьсан өөрчлөгдөж буй аюулгүй байдал, энх тайван тогтвортой байдлын тухай хэлэлцэж, санал солилцсноороо онцог байлаа. 2018 онд хоёр Солонгос улс спортын арга хэмжээнд нэгдэн оролцсоноос хойш хоёр Солонгос Улсын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт, БНАСАУ-ын удирдагч, АНУ-ын Ерөнхийлөгч нарын 6 дугаар сард Сингапур Улсад зохион байгуулсан уулзалт зэрэг нь Солонгосын хойгт тодорхой хэмжээгээр тогтвортой байдлын бий болгож сөргөлдөөнийг намжаах эхний томоохон алхамууд болсоныг оролцогчид онцолж байлаа. Цаашид Умард Солонгосын цөмийн хөтөлбөрөөс бүр мөсөн зогсоох, тэдгээрийн баталгаажуулан олон улсын механизм бүрдүүлэх, БНСУ болон АНУ түүний холбоотонуудыг БНАСАУ-ын тавьж буй шаардлагыг бас хэрэгжүүлэх эхний алхамуудыг хийх, НҮБ-ын хоригийн дараагийн алхамуудыг хийх зэрэг олон олон асуудлуудыг шийдвэрлэх нь тогтвортой энх тайвныг энэ бүс нутагт тогтоох эхний алхамууд байх болно гэдгийг хэлэлцүүлгийн үед онцолсон.
Яриа, хэлцэлийн үеэр “Төв Ази болон БНСУ, Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд нарын уулзалт”, “ACEAH-ны орнууды болон БНСУ-ын Батлан хамгаалахын дэд сайд нарын”, “Кибер аюулгү байдлын ажлын хэсгийн уулзалт” зэрэг олон талт уулзалтууд зохион байгуулагдлаа.
Яриа хэлэлцүүлэгийн үеэр Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж ИБУИНВУ-ын Батлан хамгаалахын төрийн сайд ноён Эрил Хови, БНСУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Сү Жүн Сөк нартай батлан хамгаалах харилцаа хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар хоёр талын уулзалтууд зохион байгууллаа.