Ерөнхий сайд аа, дахиад осол гарлаа, Д.Жигжиднямаа байж л байг уу!

Ерөнхий сайд аа, дахиад осол гарлаа, Д.Жигжиднямаа байж л байг уу!

“УБТЗ” ХНН-т дахиад осол гарчээ. Энэ удаад зүтгүүр шатсан байна. Галт тэрэг ачааны автомашинтай мөргөлдчихөж. Ийм ослыг жижиг осол гэж үздэг үү. Эсвэл “УБТЗ”ХНН-ийн дарга дэндүү “том” учраас хариуцлага тооцож болохгүй юу, Ерөнхий сайд аа!

Уг нь та хариуцлага алдсан албан тушаалтны өөдөөс “сэлэм эргүүлэх” амлалттайгаар ажлаа эхэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл “УБТЗ” ХНН-ийн даргыг ажлаас халах талаар Оросын талд албан бичиг илгээсэн тухай ганц мэдээ ч харагдсангүй. Яг хэдэн ослын дараа, ямар нөхцөлд Д.Жигжиднямаа даргатай хариуцлага тооцох юм бэ. Эсвэл ослын талаар ганц мэдээ ч уншаагүй, гадаад айлчлал гээд завгүй байгаа бол ил захидал маягаар илгээж болох юм.

Эхнийх нь өнгөрөгч амралтын өдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 15-нд Агуйт-Мааньт хоорондын замд  003 илчит тэргэнд гал гарч шатжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх илчит тэргийг дахин ашиглах боломжгүй болсон гэнэ. Тухайн үед гарсан галыг УБТЗ-ынхан өөрийн хүчээр унтрааж дийлэхгүй байсан учраас Улаанбаатар хот, Багахангай дүүргүүдээс гал унтраах ангийг нэмэлт хүчээр дуудаж унтраасан байна. Энэ талаарх мэдээллийг ор тас нууцалсан. Та албан шугамаар холбогдох мэдээлэлтэй танилцах боломжтой.

Үүнээс гуравхан хоногийн дараа буюу 2018 оны есдүгээр сарын 18-19-нд шилжих шөнийн 02:40 цагийн орчимд 2653-р галт тэрэг 596-р гарам дээр 32-66 УНЗ улсын дугаартай KHINO маркийн ачаатай шлаанзтай мөргөлдсөн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх ачааны машин нь галт тэрэгний хөдөлгөөнөөс өрсөж нэвтрэх гэж хурдаа нэмснээс болж осол гарсан байх юм.

Эдгээрээс өмнө Замын-Үүд өртөөнд төмөр замын ажилтан галт тэргэнд дайруулж нас барсан гэх мэдээ гарахад “ажлаасаа гараад удаж байгаа” гэж тайлбарласан бол, мөн нэг зүтгүүрийн А сектор бүхэлдээ шатсан осол ч гарсан юм. Тэгэхэд арай “манай зүтгүүр биш” гээгүй ч хэвлэлийнхэнд тодорхой мэдээлэл өгдөггүй нь удаа дараа анзаарагдлаа. Эсвэл хэвлэлийнхнийг гүтгэж цуурч байна гэж “УБТЗ” ХНН тайлбарлаад өнгөрдөг.  Үнэхээр нуух халхлах аргагүй том ослын жишээ гэвэл өнгөрөгч наймдугаар сарын 12-ны 5 цаг 07 минутад Улаанбаатар Сайншандын чиглэлд явж байсан дөрвөн вагон замаасаа гарч олон хүн гэмтэж бэртсэн. Байгалийн гамшиг, онц аюултай хүчин зүйл, давагдашгүй нөхцөл байдал гэхчлэн тайлбарлаад Замын даргад хариуцлага тооцоогүй. Олон улсын галт тэрэг ч осолдлоо. Тоочиж баршгүй ийм олон осол гаргачихаад байхад Замын дарга ажлаа хийж байна гэдэг нь салбарын яаманд, Засгийн газарт огт хамаагүй юу.

Ерөнхий сайд Танд сануулахад Монгол Улсын Засгийн газар болон Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг 2018 оныг “Сахилга хариуцлагын жил” болгосон. Даажигнал ч юм шиг, үл тоомсорлож байгаа ч юм шиг ингэж ажиллаж болж байгаа юм уу.

                                                                                               О.Урангоо