Улаанбаатар хотын утааг бууруулахад сүүлийн 6 жилд 200 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан. Энэ мөнгийг эрхэм төрийн сайд дарга нар нэртэй идэх, уух нь ихдсэн нөхөд л үрээд дуусчихсан гэхэд нэг их дэгсдүүлсэн болохгүй ээ. Тухайлбал 2-р цахилгаан станцыг түшиглэн байгуулна гэж 20 орчим тэрбум төгрөгийг нэг аж ахуйн нэгж авч сайжруулсан түлш үйлдвэрлэнэ гэж байлаа. Хаана байна тэр түлш нь. Хаана байна тэр 20 гаруй тэрбум төгрөг нь. Хаана байна тэр үйлдвэр нь. Уг мөнгийг өнөөдрийн эрх баригч МАН төрийн эрхийг барьж байхад тэр дундаа Д.Зоригт гэж сайд ажиллаж байхад тус компани авсан байдаг. Гэтэл үр дүн нь 0 гэхэд болно. Ийм байхад өнөөдөр нэг гишүүн нь иргэд биднийг Утааны эсрэг ажилласангүй гэж зүхлээ гээд гомдол мэдүүлээд сууж байх юм.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг
Төрд сууна гэдэг түмэн олонд тулгарч байгаа бэрхшээлийг л шийдэх учиртай. Гэтэл эрхэм төрийн түшээгийн хувьд өөрийгөө зэмлүүлэх, өрөөл бусдаар муу хэлүүлэхийг хүсэхгүй байгаа бололтой. Угаасаа Улаанбаатар хотын утааг бууруулах ажлыг энэ 76 гишүүнээс нэхнэ. Нийслэлийн засаг дарга С.Батболдоос шаардлана. Тэд л ажиллаж түмэн олныхоо эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах учиртай. Түүнээс гэр хороололд байгаа 180 мянган өрхөөс нэхэхгүй.