Н.Баяртсайхан Ерөнхийлөгч өө! Ам.долларын ханш савласан нь цэвэр техникийн алдаа биш гэж үү!

Н.Баяртсайхан Ерөнхийлөгч өө! Ам.долларын ханш савласан нь цэвэр техникийн алдаа биш гэж үү!

Өнөөдөр Монголбанкны мөнгөний бодлогын хороо хуралдана. Бодлогын хүүгээ нэмэх болов уу. Ямар дохио өгөх бол. Эсвэл ямар ч дохио өгөхгүй болов уу.
Монголбанкны зүгээс ам.долларын ханш савласан, 2500 төгрөгт хүрсэнийг “2018 оны тавдугаар сард 201 сая ам.долларын ашигтай гарч байсан төлбөрийн тэнцэл сүүлийн хоёр сар дараалан алдагдалтай гарлаа. Энэ оны эхний долоон сарын байдлаар 198.5 сая ам.долларын алдагдалтай байна” хэмээн тайлбарлажээ.
Үнэнийг хэлэхэд статистик хүртэл улстөржих болсон энэ цаг үед бодит байдал дээр инфляци арван хувьд хүрчихээд байгаа нь илт мэдрэгдэх болсон. Энэ бол инфляци гэдгээ ч ойлгоогүй ерээд оны эхэн үе биш. Монголбанк, Засгийн газрын тулгамдсан асуудалдаа ижилхэн хариулах тусам “зэс нь цухуйх” болсыг 20 гаруй жил үзсэн ард түмэн шүү дээ, бид.
Монголбанкны ерөнхийлөгчийн өнөөдрийг хүртэл ажиллах хооронд юу болж өнгөрөв. Засгийн газар өртэй байсан бол Төвбанк өртэй болсон. Гэхдээ урьд нь жилийн хугацаатай өртэй байсан бол одоо долоо хоногийн хугацаатай өртэй болсон. Энэ зөв бодлого мөн үү. Цэвэр техникийн алдаа биш гэж үү. Тухайлбал, интервенцийг хийсэн болон “хумьсан” тэр үеийн техникийн алдаа, Засгийн газрын өрийг өөртөө татан төвлөрүүлсэн менежментийнхээ төлөө, өөрийн хүлээсэн гол үүрэг төгрөгийн ханшийг тогтворжуулж чадаагүйнхээ төлөө Та ямар хариуцлага хүлээх ёстой бол.
​Өнөөдөр бид сайхан амьдарч байна уу, Монголбанкны Ерөнхийлөгч өө!. Ам.долларын ханш ажлаа авч байсан үеийнхээс 25 хувиар, шатахууны үнэ 50 хувиар нэмэгдчихлээ. Инфляци арван хувьд дөхөж явна. Таны ярьдаг инфляцийг тогтоон барих, балансын тэнцэл зэрэг шоу одоо дуусах цаг нь болсон. Уг нь тэр мөнгөний бодлогын хүүгээ нэмж байж аянгаас мэнд үлдэж болох юм. Гэвч зориг нь хүрэх үү. Нэр төр чухал уу, нийтлэг эрх ашиг эрхэм үү гэдгийг та өөрөө л сонгох болно.
​Түүний өмнөх Монголбанкны удирдлагын үед нүүрсний экспортын бүтэн жилийн орлого нь 220 ам.доллар байсан. Тэр орлого нь одоо нэг сарын орлого болсон. Гурван тэрбум ам.долларын алдагдалтай худалдааны тэнцэл хүлээж аваад алдагдлыг нь тэглээд хүлээлгэж өгсөн. Нефтийг 100 ам.доллар байхад нь хүлээж аваад инфляцийг нэг хувь болгоод хүлээлгэж өгсөн байтал нефтийн ханш 40 ам.доллар байхад яагаад инфляцийг 10 хувь болгочихов. Ирэх хавар инфляци 15 хувь болоход гайхах юм алга. Тэр үед УИХ-ын, Ерөнхийлөгчийн гээд хоёр сонгууль дараалан болсны дараа эдийн засаг ямар байдалд хүрэхийг төсөөлөхөд бэрх. Төсөөлж таамаглаж хэлэх зоригтой ч хүн байхгүй болж.”МАН-ын Сангийн сайд асан Тавантолгой, Эрдэнэтийн 100 хувь, Оюутолгойн 33 хувийг барьцаалаад зээл авах гээд Бээжинд явж байсан” гэх “үлгэр” үнэн байсныг гэрчлэх хүн цөөнгүй бий. Харин өнөөдрийн Сангийн сайдад үүнээс тойрох гарц бий болов уу. Арга нь өөр болохоос агуулга нь адил л болов уу гэхээс айдас төрөх боллоо.

О.Урангоо