Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр “Монголын зэс корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газар, ТӨБЗГ, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох гомдлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Энэ талаар өчигдөр орой Bloomberg TV Mongolia шуурхай мэдээгээр шууд дамжуулсан юм. Энэ үеэр “Монголын зэс” корпорацийн захирал Ц.Пүрэвтүвшин: Одоо “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн 49 хувийн хувьцааг эзэмшигчдийн зүгээс үйлдвэрийн эрх ашгийг хамгаална. Тулгамдаад байгаа асуудлыг үйлдвэрийн эрх ашигт нийцүүлэн шийдвэрлүүлэхийн төлөө манай компани ажиллана” гэв.
Мөн “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар “Манай компани энэ хэрэг дээр зөвхөн дотоодын хуулиас гадна гадны зөвлөх компаниудыг ажиллуулж байгаа. Санхүүгийн зардал, үйл ажиллагааны зардлаас гадна олж болох байсан ашгийг өдөр тутамд тооцож байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн талаар гаргаж байсан шийдвэрүүд хууль бус байсныг Иргэний болон Захиргааны хэргийн Дээд шатны шүүхээр нотлогдлоо. Ингэснээр “Монголын зэс” корпораци хууль зөрчөөгүй нь дахин батлагдаж байна. Маргаашаас эхлээд бид “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийг улам үр ашигтай, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, үйлдвэрийг цаашид хэрхэн өндөр бүтээмжтэй, дэвшилтэт амжилттай байлгахын төлөө анх энэ хэлцлийг хийхэд байсан тэр хүсэл зорилго маань унтраагүй хэвээрээ байна. Энэ зорилгынхоо төлөө зүтгэж ажиллах болно. Бидний зам улс төрийн саад бэрхшээл байсан, цаашид ч байж болзошгүйг үгүйсгэхгүй. Гэхдээ хуультай улсад амьдарч байгаа учраас Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна” гэсэн юм. Харин Улсын Дээд Шүүхээс уг хурлын мэдээг тун удахгүй албан ёсоор өгөх юм байна.
О.Урангоо