200 сая төгрөгөөр уулзвар будаж тансаглах нь зөв үү?

200 сая төгрөгөөр уулзвар будаж тансаглах нь зөв үү?

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зохицуулалтын хүрээнд нэгэн шийдвэрийг гаргах гэж байгаа талаар өчигдрөөс яригдаж эхэлсэн билээ. Тухайлбал НИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулсан 4 замын уулзварт шар зураас бүхий тэмдэглэгээ хийх. Гэрэл солигдох мөчид уг тэмдэглэгээнд орсон тээврийн хэрэгслийн жолоочид хариуцлага тооцох зохицуулалт хийнэ хэмээн албаныхан ярих болов. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэлийг багасгах санаачлага мэтээр ярьж байсан уг ажил нь нөгөө талдаа тансаглал болон хувирч байх шиг байна.

11 сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон уулзварт шар тэмдэглэгээ зурах, үүнд гэрэл солигдох мөчид нэвтэрсэн бол жолоочийг торгох гэж байгаа уг ажлын цаана 200 сая төгрөгөөр тоглох сэдэл явж байна гэхэд дэгсдүүлсэн болохгүй болов уу.

Цэцэг төвийн уулзвар, уг уулзварын чанх хойно байрлах Цаг уурын уулзвар, багшийн дээд, байгалийн түүхийн музейн уулзварыг тус бүрийг нь 50,000,000 төгрөгөөр шар зураастай болгох юм гэнэ. Албаны хүний тайлбарлаж байгаагаар бол камержуулна гэв. Гэтэл өмнө нь уг уулзварт камер байрлуулчихсан. Дахин камер байрлуулах, будаг будах нэрээр 50 сая төгрөгөөр тансаглах нь МАН-ын дарга нарын маш сайн хийж чадах ажил бололтой.

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын тайлбарлаж байгаагаар уг ажлыг хийхдээ бороо, цасанд арилахгүй будаг ашиглана. Чанартай будаг ашиглах учраас төлбөр тодорхой хэмжээнд гарна хэмээж байна. Гарлаа гарлаа гэхэд 50,000,000 төгрөгөөр ганц уулзварын дундах шар будгийг түрхэх юм гэж үү.

200,000,000 төгрөг гэдэг бага тоо биш. Энэ мөнгөөр өөр үр дүнтэй, үлдэцтэй ажил хийсэн бол Улаанбаатар хотын үй түмэн бэрхшээлийг нэгийг шийдэх ч байсан юм билүү. Ядаж л энэ мөнгөөр зарим нэг гарцыг чөлөөлөх ажлыг хийсэн бол замын бөглөрөл саарч мэдэх юм. 200 саятөгрөгийн үнэтэй шар будаг түрхлээ гээд замын ачаалал буурах эсэхийг харж л сууя даа.