Зам тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ хариуцлага хүлээж суудлаасаа огцрох тухай шийдвэр нэгэнт гарчихсан гэхэд болно. Гагцхүү намрын чуулганаар уг асуудлыг албажуулах учиртай юм. Ж.Бат-Эрдэнэ сайдын хувьд яамных нь газрын дарга нар архи ууж, нэгнийхээ амь насыг хөнөөсөн. Мөн төмөр замын томоохон осол, аваар удаа дараа гарсан зэрэг шалтгааны улмаас сайдын суудлаас буухаар болсон билээ. Харин түүний орыг хэн залгах вэ? Үүнийг шийдэх гэж МАН-ынхан хоёр биш гурав, цаашлаад дөрөв хуваагдсан гэх мэдээлэл байна.
М.Энхболд ба түүний нөхөд
Зам тээвэр хөгжлийн сайдын суудалд өөрийн хүнийг суулгах сонирхолтой хэсгийн тэргүүн эгнээнд М.Энхболдын фракц явж байна. Тус фракцын хувьд шууд өөрийн талын хүнийг зүтгүүлэхгүй. Харин үгэнд орчих, өөриймсөг хандах хэн нэгэнтэй наймаа тохиролцохоор шийдсэн гэх мэдээлэл дуулдлаа. Тэр дундаа Сү.Батболдын фракцын төлөөллийгдэмжих магадлал тун өндөр гэнэ шүү.
Сү.Батболд фракцынхаа төлөөллийг суулгана
Ж.Бат-Эрдэнэ сайдын хувьд нэг талаасаа У.Хүрэлсүхтэй ойр. Нөгөө талдаа Сү.Батболдын фракцынх. Энэ утгаас нь авч үзэх юм бол уг суудалд тус фракцын төлөөлөл очих магадлал өндөр юм. Ямартай ч зарим нэг мэдээллээс харахад саяхан Булган аймагт М.Энхболд, Сү.Батболд, Ж.Бат-Эрдэнэ, Д.Хаянхярваа, Я.Содбаатар нарын хүмүүс уулзаж, Зам тээвэр хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг зүтгүүлэх тохиролцоонд хүрсэн гэнэ. Үүнийгээ ч намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжлаад байгаа сурагтай.
Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн хүнээ зүтгүүлж эхлэв
Зам тээвэр хөгжлийн сайдынг суудалд хэл амгүй, хэрүүл тэмцэл үгүй, өрсөлдөгч байхгүйгээр суух боломж Я.Содбаатарт байсангүй. Одоогийн сайд Ж.Бат-Эрдэнэд халаагаа өгсөн Д.Ганбат дахин уг суудалд суух сонирхолтой гэнэ. 1000 вагон шахчихжээ гэх сэтгүүлчийн асуултанд би биш миний үгэнд ороогүй байна хэмээн мэлздэг эрхэм сайд асан маань дахин салбартаа ирэх гэж байгаагийн цаана Ерөнхийлөгч Х.Баттулгын сонирхол байгаа гэх мэдээлэл дуулдаж байна. Х.Баттулгын хувьд Зам тээвэр, хөгжлийн яамнаас 2008 оноос хойш зууралдаж байгаа. Тус яамны болсон, болоогүй бүх ажлын ард нэрээ зоолгохыг хүсдэг бололтой. Иймээс л дахин Д.Ганбатыг зүтгүүлж байна хэмээх хар МАН-ын улс төрчдийн дунд хөвөрч эхлэв. Мэдээж хэрэг Ерөнхийлөгч Х.Баттулгын талд МАН-ын нэлээд хэдэн гишүүд орж байгаа. Тухайлбал намын дарга У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумьяабазар нарыг нэрлэж болох юм.
МАН-ын нялх сэнгүм-үүд ч зүгээр суухгүй
МАН-ын нялх сэнгүм нар ч энэ удаад зүгээр суухгүй гэнэ. Тэдний хувьд Зам тээвэр хөгжлийн сайдад өөрсдийн төлөөллийг зүтгүүлэхээр ярьж эхэлсэн мэдээлэл байна. Яг нэр заагаад оруулчих хүн байхгүй ч давхар дээл өмсгөчих залуу гишүүн байна хэмээн намынхаа байраар эргэлдэж байгаа сурагтай. Тэр дундаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг тойгдож, уг асуудалд хүч нэмэгдүүлэхээр хөөцөлдөж эхэлсэн мэдээлэл байна.
Хэдийгээр Зам тээврийн хөгжлийн сайдад олон хүн өрсөлдөх ч гол тэмцэл Я.Содбаатар, Д.Ганбат нарын хооронд өрнөх нь байна. Нэг үгээр хэлбэл М.Энхболд, Х.Баттулга нарын хэн нь уг суудалд өөрийнхөө гар хөл болох хүнийг тавих вэ? цаашлаад төмөр замын асуудлыг хэрхэн зүтгүүлэх вэ гэдэг шийдэгдэх юм аа.