Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан ордны урилгаар буцалтгүй тусламж хүртээд хөөр баяр ихтэй. Ирэхэд нь нуусан инфляци нь тэнгэрт хадаж, ам.доллар өөрийнх нь худалдаж авсан үеийнхээс эрс өсчихсөн, шатахууны үнэ бухимдлын эх үүсвэр болчихсон эх орон угтах нь. Сайн мэдээ ихтэй яваа Ерөнхий сайдыг МСС-ийг 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурчихаад, “Өр биш мөнгө шүү дээ” гээд инээд алдаж явахад Монголд юу болов.
Эдийн засгийн талаасаа лав түүний онгоц хөөрөхтэй зэрэгцэн ам.доларын ханш өссөн. Ямар АНУ-д очоод “Манайд ам.долларын ханш өсөөд хэцүү байна” гэлтэй биш. Өгснийг нь аваад л ирж таарна.Ирэхэд нь шатахууны үнийг буулгах талаар хэнтэй хэлэлцэх, цалин нэмэх эх үүсвэр, нэмж эхлээгүй ч сургаар нь өссөн инфляци гээд улс орны тулгамдсан чухал асуудлуудаас гадна Нийслэлийн МАН-ын Бага хурал, түүний уур амьсгал, дотоод талцлын илрэл цухалзлаа.Нийслэлийн МАН-ыг С.Батболд толгойлох гэж зүтгэсэн ч тусыг эс олов. МАН-ын удирдах зөвлөлийн шийдвэрийг Нийслэлийн МАН-ын бага хурлын гишүүд сонсохыг хүссэнгүй. Д.Сумьяабазар Нийслэлийн МАН-ын дарга болчихлоо. Энэ мэтээр “сайн, муу хов” мундахгүй. Үүнийг жижиг асуудал юмаа гэж бодоход гадаад талд бас анхаарал тавихгүй байх асуудал цөөнгүй байна.
Энэ сарын 19-нд Европын холбооноос “Европ, Азийн харилцаа холбоог эрчимжүүлэх” төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаарх “Европ Азийг холбох Европын стратегийн төсөөлөл” гэгч “цахилгаан төлөвлөгөө”-г танилцуулсан нь ажиглагчдын анхаарлыг татаж эхлэв. Үүнд Европын холбооны улсуудыг дэд бүцээр холбох Европын хувилбарыг гаргаж хэрэгжүүлэхдээ Азийн нөхцөл байдалтай уялдуулан, зам тээвэр, эрчим хүч, дижитал, харилцаа холбооны сүлжээ зэрэг салбарыг голчлон дэд бүтцээр холбогдсон түншийн харилцаа тогтоох, мөн хоёр талт, бүс нутаг ба олон улсын байгууллагын түвшний хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болно гэжээ. Мөн ирэх сард Брюссельд болох Ази-Европын дээд хэмжээний уулзалтын үеэр энэ тухай дахин ярилцах юм байна. Монголын тойруулах уу, дайруулах уу, Ази, Европыг холбох Торгоны замаас ашиг хүртэх үү гэхчлэн олон асуултын хариу дээрх “цахилгаан төлөвлөгөөтэй” холбоотой.
Ерөнхий сайд сайхан инээмсэглэж, сайн бодол сэтгэл тээсээр шуурганд өртсөн Америк иргэдэд үндэсний брэнд ноосон хөнжлөө бэлэглээд ирэхэд нь Монголд хөмсгөө зангидсан ард иргэд нь, хүчээ зузаатгасан сөрөг хүчин нь ямар гээч гэнэтийн бэлэгтэй угтах бол. Намар “маш хурдан” өнгөрч өвөл эхэлчихсэн. Намар оройн сар мөртлөө жавар тачигнаж байна. Улс төрд ч мөн адил сөрөг хүчин амь орох цаг болчихож. Монголын ард түмний амьдрал доройтож хувийн хэвшлийнхний ашиг орлого багасч, банкууд зээлээ хумьж эхэлсэн ийм үед нийтлэг эрх ашгийг хамгаалж нэг хэсэг хүмүүс дуугарах л болно. Харин тэр нь нам дотроос чинь үү, намын гаднаас уу гэдэг л сонин байна. Хэрэв өнөөдөр “У.Хүрэлсүхтэй 2020 оны сонгууль дуустал хамт” гэсэн уриа гаргаад үзэхэд МАН-ынхны тал нь багтартлаа бухимдана. Тэдэнд улс төрийн тогтвортой байдал тийм ч чухал биш гэдэг нь “60 тэрбумын хэрэг буюу Л.Оюун-Эрдэнийн акц”, Хэнтийн тойрог дахь нөхөн сонгууль, мөн төрийн байгууллагын институциуд, яам, агентлаг хоорондын эрх мэдлийн төлөөх “хурган дажин” зэргээс анзаарагдсаар байна.
У.Хүрэлсүх Ерөнхий сайд залуу байна. Байр сууриа бэхжүүлж чадаагүй байна. Намбарын Энхбаяр шиг өөрийнх нь эсрэг үг хэлэх хүнгүй болтол “нам дарах” цаг үе ч ард хоцорч. Хэн дуртай нь хоёр нүүр гаргасаар “Хүрэлсүхийн тойрон хүрээлэгчдийн” гэх хөзрөөр барьсан байшин ганцхан үлээхэд хийсч алга болоход бэлэн байна. Гэвч тэр АНУ-ын МСС-аас 350 сая ам.долларын буцалтгүй тусламж авахаар гэрээлж чадлаа. Харин ашиглаж чадах болов уу. Түүний Засгийн газрын насжилт хүрэлцэх болов уу.
О. Урангоо