Улс төрийн захиалгат аллага гэж 18 жил яригдсан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх 3 этгээдийг шүүхээс яллаад байгаа билээ. Шүүх тэднийг гэм буруутай гэж үзсэн ч олон нийтийн зүгээс шүүхийн шийдвэрт үл итгэх дүр зураг ажиглагдаж байгаа. Тодруулах юм бол С.Зориг агсны амь насыг захиалгаар, санаатайгаар хохироосон гэм буруутай гэж үзэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жилийн хорих ял. Харин Т.Чимгээ гэгч эмэгтэйд 24 жилийн хорих ял оногдуулаад байгаа билээ. Уг ял нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хаачихгүй гэж хохирогчийн ар гэр болон, найз нөхөд нь өөр хоорондоо ярьж байгаа дуулдсан.
Уг хэргийг захиалгаар хөнөөсөн гэдгийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын чуулганд мэдэгдсэн билээ.
Иймээс энэ хэргийг хэн гэгч этгээд ямар зорилгоор захиалж хүний амь насыг хөнөөлгөсөн вэ гэдгийг тодруулах хууль хяналтын байгууллагын ажлын хэсэг ажилдаа оржээ. Тодруулах юм бол Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн хамтарч уг хэргийг шалгах юм байна. Уг хэргийг яаралтай илрүүлж зохих газарт шилжүүлэхийг ажлын хэсэгт үүрэг болгосон мэдээлэл байна. Үнэхээр л ял авсан хүмүүс уг хэргийг үйлдсэн бол захиалагч нь тодорхой байгаа. Харин тэд золиос болж байгаа бол энэ хэрэг дахин хэдэн жил сунжирч болзошгүй гэж олон нийт таамаглал дэвшүүлэн хардаж байгаа юм.