Нийслэлийн МАН-ын бага хурал болж Д.Сумьяабазарт итгэл хүлээлгэн намын дарга болгосон. Үүний дараа тус намыг удирдах шинэ бүрэлдэхүүнийг томилсон байна. Нийслэлийн МАН-ын дэд даргаар Сонгинохайрхан дүүргийн Н.Алтаншагай ажиллахаар болжээ. Түүний хувьд СХД-ийн засаг даргын төсөл хөтөлбөр хариуцсан орлогч даргаар ажиллаж байгаа юм. СХД-ийн МАН-ын даргаар Д.Сумьяабазар ажиллаж эхэлсэн цагаас хойш дүүрэгтээ нөлөө тогтоох болсон нэгэн хэмээн СХД-ийн МАН-ын гишүүд ярьж байна.
Мөн СХД-өөс УИХ-д сонгогдон ажиллаж байгаа Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын орон тооны бус дэд даргаар ажиллахаар болжээ. Давхар дээл өмсөхгүй л бол нойр нь хүрэхгүй болсон улс төрч залуус олон болсны дахин нэг жишээ хэмээн хашир туршлагатай МАН-ын гишүүд шүүрс алдаж сууна. Түүний хувьд мөн л СХД-ийн МАН-ын нөлөө бүхий гишүүн хэмээн тооцогддог. Мөн СХД-ээс УИХ-д сонгогдсон, Д.Сумьяабазар гишүүнтэй тун чиг ойрхон ажиллаж ирсэн нэгэн.
Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал бас л СХД-ийн МАН-ын нөмөр нөлөөгөөр Нийслэлийн МАН-ын орон тооны бус дэд дарга болсон гэнэ. Тэгэхээр Д.Сумьяабазарын бөөрөнд наалдсан бололтой.
Нийслэлийн МАН-ын удирдах зөвлөлд СХД-ээс НИТХ-д сонгогдсон М.Мөнхжаргал ажиллахаар болсон байна. Ийнхүү Д.Сумьяабазар дүүргийн намын хороонд хамтран ажиллаж байсан хэсэг нөхдөө бөөрөндөө нааж, нэг алхам урагшлав бололтой.
СХД-ийн МАН-ын удирдлагын баг нүүгээд тусгаар тогтнолын ордон буюу МАН-ын төв байрны ... дугаар давхарт байрлах Нийслэлийн МАН-ын удирдлагын байранд ийнхүү суудлаа тавьж, ширээгээ засч эхэлсэн гэхэд болно.
Уг нь Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазар сонгогдсон даруйдаа л залуу, шинэ, эрч хүчтэй, мэдлэг чадвартай хүмүүсээр удирдлагын багаа сонгоно хэмээж тайлбар өгч суусан. Гэвч түүний хэлсэн үг, хийх үйлдэл хоёр нь хормын дотор өөрчлөгдөж, дүүрэгт зүтгэж явсан нөхдөө хажуудаа авч, хамтдаа явахаар сэтгэл шулуудсан бололтой.
Нийслэлийн МАН-ын удирдах зөвлөлд НИТХ-ын дарга С.Амарсайхан, мөн өөрийн хамтрагч болох налайх дүүргийн төлөөлөгч болох Б.Сэмжидмааг хамт авч оржээ. Мөн С.Амарсайханг НИТХ-ын дарга болоход сэтгэл, зүрхээрээ зүтгэсэн хүмүүсийн зарим нь болох БЗД-ийн засаг дарга Э.Бат-Амгалан, Багахангай дүүргийн ИТХ-ын дарга Б.Батнасан нар Нийслэлийн МАН-ын удирдах зөвлөлд багтсан байна.
Эдгээр улс төрч нар дээр нэмээд МАН-ын хүчтэй, ялагчийн талд ямагт бат зогсож байдаг Сү.Батболдын фракцын төлөөлөл болох УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд, Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн МАН-ын дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн, Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга Д.Ганболд нар багтжээ. Үүн дээр нэмээд Ж.Батбаясгалан, О.Одбаяр нарыг нэрлэж болох юм. Тэд орон тооны бус дэд даргаар орсон.
Харин хотын гэх М.Энхболдын фракцаас албан тушаалынхаа нөлөөгөөр Нийслэлийн МАН-ын удирдах зөвлөлд багтсан ганц төлөөлөл нь Нийслэлийн засаг дарга С.Батболд юм.