Холбооны Нөөцийн банк 2015 оноос хойш мөнгөний бодлогоо чангатгах бодлого баримталж байна. Энэ он гарснаас хойш АНУ-ын Төв банк бодлогын хүүг хоёр удаа өсгөсөн юм. Мөн энэ долоо хоногт дахин өсгөх хүлээлт зах зээлд өндөр байгааг шинжээчид онцолж байна. Энэ онд БНХАУ болон АНУ-ын хоорондын худалдааны маргаан хурцдаж, хоёр улс импортын бараа бүтээгдэхүүний тарифаа нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм. Худалдааны маргаан ийнхүү даамжирч байгаатай зэрэгцээд олон улсын валютын захад ам.долларын ханш голлох зургаан валютын эсрэг сүүлийн хагас жилийн хугацаанд 5.3 хувиар өсөөд байна. Харин ам.долларын ханш олон улсад чангарснаар Азийн орнуудын валютын ханш, ялангуяа хөгжиж буй орнуудын валютын ханш хамгийн их хэмжээгээр унаж байгаа аж. Тухайлбал, Аргентины песо болон Туркийн лирийн ханш он гарснаас хойш ам.долларын эсрэг 40-50 хувиар унаад байна. Өөрөөр хэлбэл энэ он гарсаар үнэ цэнээ хоёр дахин алджээ. Мөн Индонезийн рупиагийн ханш унаж сүүлийн 20 жилийн доод түвшинд хүрээд байна. 2018 онд нийт 146 улсын валютуудаас 100 гаруйнх нь ханш ам.долларын эсрэг унажээ.
Энэ дунд монгол төгрөг ч мөн багтаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ам.долларын эсрэг төгрөгийн ханш 3.8 хувиар унаад байна. Хамгийн сүүлийн байдлаар ам.долларын албан ханш 2520 төгрөгийг даваад байгаа юм. Энэ онд худалдааны тэнцлийн ашиг хангалтгүй, импортын өсөлт хөрөнгө оруулалтын дүнг давж байгаатай холбогдуулан ам.долларын эрэлт зах зээлд нэмэгдсэнийг Төв банк мэдээлж байв. Мөн он гарснаас хойш Төв банк хагас тэрбум ам.долларын интервенц хийгээд байгаа ажээ.