Ардчилсан намынхаа бодлогод оролцож чадахгүй болсон хуучны лидер нэртэй “улс төрч”-чид хаалганы гадна үлдсэндээ бухимдаж л яваа бололтой. Энэ ч үүднээсээ зарим нь бөөгнөрч, нөгөө хэсэг нь ундуйцаж суугаа.
Харин эртнээс хэрэв өөрийг нь ад үзэх юм бол өрх тусгаарлах бэлтгэлээ базааж эхэлсэн хэсэг байна аа. Тэд шууд өөрсдөө ил гарч улс төр хийхгүй ч байгаа ч хэсэг нөхдийг араас нь дэмжиж, хөрөнгө санхүү, бодлогоор өлгийдөж суугаа гэнэ шүү.
Үүний нэг тод жишээ бол гэр хорооолол, аймаг, сум гэх мэтээр очихгүй, хүрэхгүй газар үгүй мэт яваа Ц.Оюунгэрэл, Л.Оюундарь, Цолмонбаяр нарын Ардчилсан намын эмэгтэйчүүд юм. Жорлонгоо өөрчилье хэмээн ярьж байгаа эдгээр бүсгүйчүүдийн хийж байгаа ажил, хэлж байгаа санааг нь сайшаах нь зөв.
21-р зуунд Монголчууд дэлхийн түүхэнд үлдсэн, халдварт өвчин, хөрсний бохирдол, ундны усны гамшиг авчирах эрсдэлтэй 00-ийг ашиглаж байгаа. Үүнийг өөрчлөх цаг нь болсон гэдгийг эдгээр бүсгүйчүүд анхааруулж, бас сануулж явна. Иймээс энэ бүсгүйчүүдийг уг санаачлага, бас ажилд нь алга таших нь зөв.
Харин улс төрийн өнцөг, өрнүүлж байгаа тоглоомыг нь харах юм бол бас бодууштай, эргэцүүлж үзэх хэд хэдэн шалтгаан байна. Эдгээр бүсгүйчүүдийн уулзалт, цугларалт, орон нутагт ажиллаж байгаа нөр их ажлын хөрөнгө санхүү чухам хаанаас гарна вэ?
Зарим нэг эх сурвалжийн өгүүлж байгаагаар бол энэ мөнгөний эх үүсвэр Ардчилсан намд 2016 оны сонгуулийн өмнө өдөлсөн МоАН фракцын зарим улс төрчийн халааснаас гарч байгаа гэнэ. МоАН фракцын улс төрчид гэхээр УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, А.Бакей, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар байдаг. Нийгэм хамгааллын дэд сайд асан Нямхүү болон зарим агентлагийн даргаар ажиллаж байсан улс төрчид С.Эрдэнэд тоогтохгүй байгаа учраас МоАН фракцын байраар тогтмол эргэлдэж эхэлжээ. Мөн УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин уг фракцын нөмөрт орсон сураг дуулдсан. Бас УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар ч тус фракцаар эргэлдэх болжээ.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Шонхор фракцаасаа бусад улс төрчдийг хол бай хэмээн лүндэн буулгасан гэнэ. Үүн дотор хамгийн түрүүнд МоАН фракцынхан багтаж байгаа. Тэр дундаа тус фракцын толгой улс төрчид гэж болно. Нэр цохож та хэд намаас хол бай. Намын бодлогын асуудалд бүү оролц. Ялангуяа намын өдөр тутмын ажил, сонгууль угтсан улс төрийн акц, олон нийтэд чиглэсэн ажилд оролцуулахгүй хэмээн ширэв татсан гэх мэдээлэл чих дэлсэж байна. Ийм нөхцөлд хаалганы гадна хэн ирж мэдээ чихэнд нь дуулгах бол хэмээн сууж чадахгүй байгаа дээрх улс төрчид өрх тусгаарлах тухай өдөр бүр хоорондоо хэлэлцдэг гэх яриа гарч байна.
Иймээс ч тэд Жорлонгоо өөрчилье хэмээн бүсгүйчүүдээ дэмжин алга ташиж суугаа. Хэрэв энэ ажил нь эрчтэй явж, иргэдийн сэтгэлд нийцэх аваас дараагийн алхамдаа ашиглана. Шууд нам байгуулахад зүтгэхгүй ч гэсэн “Б” хувилбар хэмээн хадгалж байгаа гэх юм билээ.
Жорлонгоо өөрчилье акцын хувьд намдаа тоогдох гэсэн нэг алхам нь хэмээн ярих хүмүүс байна. Мөн МоАН фракцын хувьд намынхаа анхан шатны хүмүүсийг тархийг цэнэглэх нэртэй усалгааг намын төв байгууллагаас илүү хийж эхэлсэн. Энэ нь нөгөө талдаа намын анхан шатны дэмжлэгээ өөрсдөө авах гэсэн санаа хэмээн хардах хэсэг байна.