Эзний хайр, эрхлүүлэх бөмбөгөнд бүхнээ даатгасан Мөрч нохой

Эзний хайр, эрхлүүлэх бөмбөгөнд бүхнээ даатгасан Мөрч нохой

Монголын цагдаагийн албаны мөрч нохойн 75 жилийн ой ирэх онд тохиох гэж байна. 1928 онд эрэлч нохойн алба байгуулах хүсэлтийг Маршал Х.Чойбалсан гаргаж байсан тухай баримт байдаг гэнэ. Энэхүү яриа явсаар 75 жилийн өмнө буюу 1944 онд Дотоод явдлын яамны сайдын 12 тоот тушаалаар Улсын цагдан сэргийлэх газрын Гүйцэтгэх хэлтэст эрэлч нохойн чиглэлээр 9 орон тоог байгуулж, анхны эрэлч нохойн алба үүссэн түүхтэй.   1952 оны хүртэл эрэлч нохойн албанд ЗХУ-ын мөрдөгч нар, нохойн хамт ирж ажиллаж байсан гэнэ. Мөн дотоодын мэргэжилтэнг ЗХУ-д сургаж байжээ.  Харин 1952 онд дэслэгч Намсрай гэж орос хэлтэй хүн анхны Монгол нохой сургагч болж байсан гэх баримт байдаг гэнэ. Түүний хувьд “жулбар” хэмээх эрэлч нохойг анх сургаж байсан байна.1958 оноос эхлэн эрэлч нохойн сургагч багш нарыг тухайн үеийн ЗХУ-д 8 жилийн давтамжтай бэлтгэх ажил эхэлж 1990 оныг хүртэл үргэлжилсэн байна.   Өнөөдөр үнэрч, эрэлч нохойн алба Олон улсын жишигт нийцсэн, эзэн нохой хоёрын дасах сэтгэлийн ундарга болсон энэ байгууллага үүх түүх, ололт амжилт, хийж хэрэгжүүлсэн бодлого, мөрч нохой, мөрдөст мөрдөгч нараараа бахархаж сууна.

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн зарим төлөөлөл өнгөрсөн баасан гарагт Цагдаа, дотоодын цэргийн сургалтын төвд зочилж, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх практик сургалтанд хамрагдсан юм. Уг сургалтын онцлох нэгэн үзүүлбэр нь мөрч нохойн ажлын горим, албан хаагчдын ур чадварыг шимтэн үзсэн явдал байлаа. Үнэрч нохойг сургаж, гэмт хэрэг илрүүлэх, гэмт этгээдийг баривчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэх мэт олон албанд ажиллуулж байна. Зөвхөн цагдаа гэж хязгаарлахгүй гааль, мэргэжлийн хяналт, онцгой байдлын албан хаагчдын үнэрч нохойг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын төвд бэлтгэж байна.

1992 онд Хилийн болон дотоодын цэргийн нохойн сургуулийг Цагдаагийн нохойн сургуультай нэгтгэн  ЦЕГ-ын албаны нохойн тасаг байгуулагдсан байна. Энэ цагаас эхлэн үнэрч, мөрдөгч нохойг сургах ажил дотооддоо хийгдэж эхэлсэн гэж үзэж болно. Өнөөдөр үнэрч, эрэлч нохойг сургаж байгаа багш, мэргэжилтнүүд нь Орос, БНХАУ, Солонгос, Япон, Америк, Европын зарим оронд очиж нохой сургах дадал, мэргэшлийг эзэмшиж иржээ. 2 сартай нохойг алган дээрээ тосч аван нэг бие шиг ижил дасал болтлоо ханьсах үйл явцыг үнэрч нохойн сургалт гэж хэлэхэд дэгстүүлсэн болохгүй болов уу? Өнөөдөр энэ л жишгээр эзэнтэйгээ ханьсаж, ижил тавилантай болон дасаж, нэг хэргийг илрүүлэхийн төлөө нойр хоолоо умартан, эзнээсээ урам зориг авах гэж, шидэж өгөх жижигхэн ногоон бөмбөгийг нь амандаа үмхэхийн тулд үнэрч, эрэлт, мөрдөгч нохойн хувьд бүхнийг хийж байна.

1800 оноос гаршуулсан үнэрч нохойн үүлдрээс авахуулаад хамгийн сүүлийн үед гаршуулсан үүлдрийн үнэрч нохой энэ албанд зүтгэж байна. Хар тамхи, хуурамч мөнгө, хориотой ургамал, амьтан зэргийг илрүүлэхэд өөр өөр төрлийн үнэрч нохойг ашигладаг гэнэ.

Үнэрч нохойн албанд “Малиуна” “Лабрадор” Спанель” “Герман овчарка” зэрэг 10 орчим үүлдрийн нохойг ашиглаж байна. Учир нь үнэрч, мөрч нохойг үүлдэр, биеийн хөгжил, үнэрлэх чадвар, мөн тэсвэр тэвчээр, эр зориг зэргээс нь шалтгаалан өөр өөр чиглэлд сургаж, дадлагажуулдаг байна.

Энгийнээр тайлбарлах юм бол бахим, зодооны чиглэлийн нохойг зэвсэгтэй этгээдийг баривчлах, хутга, буу зэрэг зэвсэгтэй этгээдийн өөдөөс довтлуулах, эрсдэлтэй ажилд явуулдаг.

Харин үнэрлэх чадвар өндөр нохойг хар тамхи илрүүлэх, тэсэрч дэлбэрэх бодис олох зэрэгт ашиглаж байна.

Монгол улс хамгийн анх 1974 онд хар тамхи илрүүлэх зорилгоор нохойг ашиглаж эхэлжээ. Харин 2003 оноос эхлэн хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх чиглэлд нохойг ашиглах ажил илүү өргөн хүрээг хамрах болсон байна. Өнөөдрийн байдлаар гааль, цагдаагийн албанд 60 гаруй хар тамхи илрүүлэх нохой албан үүргээ гүйцэтгэж байна. / жич: албаны нууц учир тойм тоог л олж авав / Хар тамхи илрүүлэх нохойг сургах ажлыг өндөр хөгжилтэй оронд мэргэжил эзэмшсэн албан хаагчид хариуцан ажилладаг байна. Мөн олон улсад хар тамхи илрүүлэх чиглэлээр хамгийн өндөрт үнэлэгдэж байгаа үүлдрийн нохойг энэ чиглэлд сургаж эхэлжээ.

Учир нь хар тамхийг хил, гаалиар нууж оруулж ирэх үйлдлээс гадна хэрэглэх явдалтай тэмцэхийн тулд цагдаагийн бие бүрэлдэхүүн энэ чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. Хар тамхийг 7 төрлөөр хэрэглэх явдал бий болсон учир шалгах, олж тогтоох, гэмт этгээдийг баривчлах үйл явц ч мөн нарийн болсон гэдгийг Үнэрч нохойн сургалтын албаны төлөөлөл хэлж байлаа.

Хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх үнэрч нохойн хувьд хууль бус барааг олсон даруйдаа хэвтэж, хуцах байдлаар эзэндээ мэдээлэл өгдөг байна.Бидний уг сургалтын төвд зочиллоход “Бамбарууш” нэртэй нохой олон ачаа тээш дундаас хар тамхитай цүнхийг хормын дотор илрүүлж, “Нээрээ” нэртэй нохой авто машины урд дугуйн дээд талд нуусан тэсэрч дэлбэрэх бодисыг олж ур чадвараа гайхуулсан юм.  / бичлэг дээрээс харна уу /

 

Хар тамхи илрүүлэх үнэрч нохойг сургахын тулд хар тамхины үнэр орлуулагч бодисыг ашиглаж эхэлжээ. Ингэснээр нохойн үнэрлэх чадварт сөрөг нөлөөгүй, ур чадварыг нь бууруулахгүй хэргийг илрүүлэх магадлал өндөр, мөн нохойн үнэрлэх чадвар олон жилийн турш хадгалагддаг байна. Үнэрч нохойн хувьд зөвхөн хар тамхи бус тэсэрч дэлбэрэх бодис, нэн ховордсон ургамал, ангийн зарим эд зүйл зэргийг хууль бусаар авч яваа этгээдийг олж тогтоох ажилд оролцож байна.

Үнэрч, мөрч нохойн эзнээсээ талархал хүртэх ганц арга нь жижиг бөмбөг шидэхэд нь хөөрч баярлан амандаа үмхэх юм. Үүнийг л олж авахын тулд гэмт этгээдийн өмнөөс шуургалан орно. Энэ л бөмбөгийг эзнээсээ авахын тулд тэсэрч дэлбэрэх бодис илрүүлэх гэж зүтгэнэ. Ганц жижиг бөмбөгийг амандаа зуухын тулд хэдэн цагаар ч хамаагүй ачаа тээш үнэрлэж, ажилдаа үнэнч зүтгэнэ. Энэ бүхний эцэст эзэндээ дасаж, ирэх чимээг нь хүлээж, гансарч суудаг ганц ажилтай болж үлдэг байна.

Тэр яг одоо ороод ирнэ. Эзэн маань намайг ирж аваад, хамтдаа албандаа зүтгэнэ хэмээн бодол тээх мэт нохой Үнэрч нохойн албанд өнөөдөр үүрнийхээ үүдэнд алс холыг ширтэн харуулдан сууна. Хөлийн чимээ гадаа дуулдахад огло үсрэн гарч, торны цаана тормолзон зогсох нэгэн бол “Сони” хэмээх нэртэй нохой. 8 жил үнэрч, мөрч нохойн албанд зүтгэж байгаа нэгэн. Гэвч хэдхэн сарын өмнө түүний эзэн тэтгэвэртээ суужээ. Тэр өнөөдөр ч бас л эзнээ харуулдан ирсэн гийчдийг санаашрах харцаар ширтэн суув. Эзэндээ эрхэлж, жижиг ногоон бөмбөг амандаа зуугаагүй өнгөрүүлэн хоног бүр нь нойроо умартаж, идэх хоолоо мартах цаг мөчүүд нь байжээ. Нохойн албаны ажилтан, албан хаагч нар “Сони”-д хоол өгөх боловч тэр огт идэхгүй. Гагцхүү эзэн нь ирсэн эсэхийг л мэдэх гэж үүдэндээ гарч суудаг гэнэ.

Ижилдэн дассан хоёр сэтгэл, үнэнч нөхөрлөл, санарч гансах гашлан гэдгийн нэгэн түүх ийнхүү Хүн-Нохой хоёрын дунд өрнөж байна. Үүнийг хэрхэн шийдэх, яаж зохицуулах учраа үл олсон Үнэрч, мөрч нохойн албаныхан гайхширч сууна. 8 жилийн дасал болсон сэтгэлийг хэрхэх билээ?

Үнэрч, мөрч нохойн албаны түүхт 75 жилийн ойн өмнө тус албаны ажлын онцлог, нохойн сургалтын системийн талаар бага ч гэсэн мэдээлэл авсан маань энэ.