Дэд сайд нар 1.3 тэрбумын “үнэтэй” юу

Дэд сайд нар 1.3 тэрбумын “үнэтэй” юу

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн онд төсвийн үргүй зардлыг багасгах зорилгоор дэд сайдын орон тоог цомхотгох асуудлаар УИХ-д анхааруулга хүргүүлж, хориг хүртэл тавьж байж.  Гэвч олонхийн бүлэг Ерөнхийлөгчийн шаардлагыг хүлээж аваагүй.

Харин энэ жилийн хувьд ирэх оны төсөвт алдагдлыг бууруудах, үргүй зардлыг бууруулах чиглэлээр ОУВС, хандивлагчдаас “том даалгавартай” байгаа. Тиймээс дэд сайд нарын асуудал 2019 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр  хүчтэй яригдах нь дамжиггүй. Ерөнхийлөгч Х.Баттулга намрын чуулганы эхэнд дэд сайд нарын орон тоог цомхотгох саналаа УИХ-д дахин хүргүүлнэ гэсэн мэдээлэл бий. Одоогоор сөрөг хүчин энэ талаар санал гаргах магадлалтай гэсэн мэдээ байна. Гэхдээ 2019 оны Төсвийн тухай хуульд дэд сайд нарыг цомхотгох асуудал албан ёсоор тусгаагүй. Тэгэхээр  дэд сайдыг биш гэхэд агентлагуудын дэд дарга нарыг чөлөөлөх, төрийн албыг цомхотгож мэдэхээр байгаа аж. Мөн өнгөрсөн жилд албан бусаар мэдээлэл цацсаар цаг алдаж байсан шиг дэд сайдуудын заримыг нь цомхотгох арга ч сэдэж болзошгүй. Энэ нь улс төрд донсолгоо үүсгэхээс биш тодорхой үр дүнд хүрэх, төсвийн үргүй зардлыг багасгах зэрэгт онцын ач холбогдолгүй. Яамны удирдах тушаалтны зарим шийдвэрт гарын үсэг зурах, жолооч, туслахтай байх зэрэг тусгай хангамж эдлэхээс өөрөөр дэд сайд нарын” үр шим”-ийг одоогоор үзээгүй байгааг харгалзах зоригтой шийдвэр гаргахад гэмгүй гэх хүн ч олон байдаг.

Хэрэв дэд сайд нарыг чөлөөлснөөр 1.3 тэрбум төгрөг хэмнэдэг гэсэн тооцоо байдаг бол тэднийг байлгаснаар ямар ач холбогдолтой байдгийг бас тодорхой болгох хэрэгтэй. Тууз хайчлахаас өөр гавьяагүй бол явуулах нь зүйтэй. Харин олон нийтийн дунд дэд сайд хэрэгтэй юм байна гэдгийг харуулсан нэр бүхий зарим дэд сайд, мөн бусад дэд сайдууд ажлын тайлангаа тавибал улс төрд заавал донсолгоо үүсгэх, эсвээс 1.3 тэрбум төгрөг хэмнэх гээд улайраад байхгүйгээр 2020 оны сонгуультай золгох магадлалтай.

Дашрамд дурдахад, дэд сайд нарын орон тоог Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн үед цомхотгож байсан ч Ж.Эрдэнэтбатын тэргүүлсэн Засгийн газар дахин сэргээсэн юм. Ингэснээр Засгийн газрын бүтцэд 16 сайд, 13 дэд сайд, нийтдээ 29 сайдын албан тушаалтан багтаж байгаа билээ. Дэд сайд нар , гадаад, дотоодын томилтын зардлаа төсвийн мөнгөөр гаргуулдаг билээ.