АН-ын бүлэг Засгийн газарт сануулга өгч, Монголбанкинд асуулга тавихаа мэдэгдэв

АН-ын бүлэг Засгийн газарт сануулга өгч, Монголбанкинд асуулга тавихаа мэдэгдэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн Монгол Улсад тогтолцооны хямрал нүүрлээд байна. Нийгэм эдийн засгийн эрс шинэчлэл хийх зайлшгүй шаардлага буй болсон байна гэдэгтэй бүлгийн гишүүд санал нэгдлээ.Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал олон жил яригдаж байгаа боловч өнөөдөр УИХ -ын дарга, Ерөнхийлөгч хоёрын зарчмын ялгаатай  байр суурь илэрхийлсэн. Тиймээс энэ асуудал дээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг дүгнэлтээ хийх шаардлагатай. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ажлын хэсгийг УИХ-аас байгуулаад, гурав дахь жилдээ ажиллаж байна. Энэ ажлын хэсгийн хүрээнд хийгдэж байгаа ажил буюу Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар байр сууриа бүлэг тодорхой илэрхийлсээр ирсэн. Тодруулбал, Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байгаа ч  батлах процесс нь буруу байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу Ард нийтийн санал асуулга явуулж, цаашид хэлэлцэх  шаардлагатай гэж үзэж байгаа. Ерөнхийлөгч өнөөдөр хэлсэн үгэндээ анх удаа шинэ Үндсэн хуулийн тухай асуудлыг хөндөж гаргаж байна. Шинэ Үндсэн хуулиар Монгол Улсын улс төрийн, нийгэм эдийн засгийн тогтолцоо, засаглалын тогтолцоо ямар байх эсэх өөрийн байр суурийг илэрхийллээ гэж харж байна. Үүнийг бид цаашид мэргэжлийн төвшинд судалж үзээдхяналт шинжилгээ хийж,  Ардчилсан намын бүлэг байр сууриа тодорхой болгох болно.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хуулийн хугацаанд буюу долоо хоногийн хугацаанд хэлэлцэх ёстой. Түүнчлэн Засгийн газрын гишүүнийг хэлэлцэх асуудал нь өөрөө Засгийн газрын тухай хууль зөрчсөн гэдэг асуудлаар бид өмнө нь байр сууриа илэрхийлсэн. Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Засгийн асуудлыг УИХ 30 хоногийн дотор хэлэлцэх хуулийн хугацаатай. Гэтэл энэ хууль зөрчигдөж байгаа. Энэ асуудлыг миний бие УИХ-ын даргын зөвлөлийн хурал дээр илэрхийлсэн. Тиймээс энэ долоо хоногт яаралтайгаар Засгийн газрын гишүүний асуудлыг Засгийн газар өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцэх шаардлагатай байгааг олонхийн бүлэг, Засгийн газарт сануулж байна.

Бид Монголбанкинд асуулга тавина

Мөн эдийн засгийн асуудлаар бодит мэдээллийг ард түмэнд өгөх цаг нь болчихсон. Иргэдийн амьдралын чанар  өдрөөс өдөрт муудаж байгаа нь үнэн. Тиймээс хөөсөрсөн хоосон улс төрийн худал мэдээлэл өгч болохгүй. сүүлийн үед валютын ханш эдийн засгийн өсөлтийн үед ингэж савна гэдэг бол хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа юм. Тодруулбал, хэрэглээний өсөлт огцом өссөн, импортын хяналт алдагдсан. Өндөр өртөгтэй хөнгөлөлттэй зээлийн гадаадын хөрөнгө оруулалт зөвхөн дэд бүтэцэд орж байгаа нь импорт өсгөх үндсэн шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын дотоодын үйлдвэрлэл зогсонги байдалд орж, хэрэглээний эдийн засаг хуучин үеийнх шиг дахин өндөр сэргэж байгаатай холбоотой. Монгол Улсаас гарч байгаа уул уурхайн түүхий эдийн гарсан бодит бүтээгдэхүүний үнэ, өртөг орж байгаа мөнгө нь байгаа эсэх талаар бид Монголбанкнаас асуулга тавина. Энэ мэдээллийг нийгэмд өгөх хэрэгтэй. Эдийн засаг тийм их өсөөд байгаа юм бол яагаад хэрэглээний үнэ өсөөд байгаа, валютын ханш яагаад саваад байгаа юм гэдэгт бодит дүгнэлт хийх шаардлагатай байна.