Өчигдөр өглөө улс төрийн тодорхой хүрээнд “Өнөөдөр баривчилгаатай” гэсэн тодорхой бус мэдээлэл очсон байлаа. Хүлээлт, түгшүүр үргэлжилсээр. Үдийн алдад Тагнуулын ерөнхий газраас баруун 4-н замд байрлах Голомт хотхоны С блокын байрны үүдэнд тууз татаж Тагнуулын ажилтнууд ажиллагааг эхэлсэн байлаа. Төдөлгүй битүүмжилсэн дөрвөн хайрцагийг машинд ачаад явчихсан.
Эхний таамаг 1.3 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон гэх хятад иргэнийг тус хотхонд байрлаж байсан болов уу гэцгээж байв. Гэвч АТГ-аас хийсэн мэдээллээр уг таамгийг үгүйсгэсэн юм. Дараа нь ТЕГ-ын Аюулгүй албаны дарга Г.Амгаланбаатар: “Тагнуулын байгууллагын тухай хуульд заасны дагуу харьяаллын гэмт хэрэгтэй тэмцдэг. Энэ хүрээнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.10-р зүйлийн дагуу тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийн шинжтэй гадаад улсын иргэний үйл ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу зогсоон, саатуулсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Энэхүү мэдээллийн дараа гадаадын иргэнийг барьж өгсөн саяхны явдал, тухайлбал Турк сургуулийн захирлыг” хулгайлсан” хэмээн бүтэн өдөр дуулиан тарьсан нь санаанд оров. Ингэхэд Монгол Улс гадныханд хэр ээлтэй вэ. Аюулгүй улс орон мөн үү.
Хэрэв өчигдрийн хэрэг явдал үнэхээр гадаадын иргэн тагнуулын ажиллагаа явуулсан байсан бол ямар ялтай вэ. Хуульд зааснаар “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байна. Тагнуул хийх гэдгийг нь гадаад улсын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар гүйцэтгэсэн, Монгол Улсын иргэнийг гадаадын тагнуулын албатай нууцаар хамтран ажиллахыг ятгасан, ажиллуулсан, төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан үйлдлийг ойлгоно” хэмээн заасан байдаг. Монголын тагнуулын байгууллагын нэр хүнд дэлхийд дээгүүрт тооцогдохын зэрэгцээ “хүн хулгайлахтай холбоотой” асуудлаар нэлээд анхаарлын төвд байдгийг ч хэлэхэд илүүдэхгүй биз ээ. Мөн өчигдөр авч явсан битүүмжилсэн дөрвөн хайрцагт бичиг баримт байсан уу, тагнуулын үүрэг гүйцэтгэх тоног төхөөрөмж үү, их хэмжээний мөнгө, эсвэл өөр зүйл үү гэдэг нь хэргийн эзэнтэй нэгэн адил “нууц” хэвээрээ үлдэв.
О. Урангоо