Монгол эмэгтэйчүүд, хүүхдүүд нийгмийн аль бараан, сүүдэртэй талд хоргодож аврал эрсээр байна. Хүүхэд, эмэгтэйчүүд харгис үйлдлийн золиос болж, хүчирхийлэл нийгэмд нэвчсэнийг нотлох баримт хангалттай бий. Эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх, хүчирхийлэлд өртөх, гэр бүл салалтаас болж хохирч байгаа эмгэнэлт үйлдэл сүүлдээ хадны цуурай адил замхарч, бүдгэрч байгаа нь харамсалтай. 13 настай охин буудалд амиа алдсан, хойд эцэгтээ хүчиндүүлсэн, амьдралынхаа 10-20 жилийг гэр бүлийн хүчирхийлэлд өнгөрүүлсэн зэрэг дурдахаас зүрх халширч, сэтгэл эмтрэм хэргүүд улам олноор үйлдэгдэж байхад нийгэм сэрдхийж, төр засаг нь үр дүнд хүрэх хэмжээнд хөдлөхөө больжээ. Нэг ёсондоо Монгол Улсын гурван сая иргэний хагасаас илүү хувийг нь бүрдүүлж буй 1.6 сая эмэгтэйн төлөө дорвитой дуугардаг, хамгаалдаг байгууллага гэж алга. Бүр тодорхой хэлбэл, эмэгтэйчүүдээ хамгаалах гэж тэмцэж жагсч, төр засагт хяналт тавьж байх учиртай иргэний нийгмийн байгууллагын орон зай хоосорчээ.
Статистикийн газрын судалгаагаар улсын хэмжээнд сүүлийн хоёр жилийн байдлаар өрх толгойлсон 77 мянган эх. Аль нэг хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн тоо 4000 давж байгаа. Мөн улсын хэмжээнд 2016 оны байдлаар 100 хүн тутмын гурав нь буюу 4003 хүн гэр бүлээ цуцлуулсан зэрэг нь монгол эмэгтэйчүүд, хүүхдүүдийг тодорхойлох өнөөгийн нийгмийн бодит байдал юм. Зөвхөн төр засгийн бодлого, хууль дүрэм харж суухаас илүүтэй эмэгтэйчүүдээ хамгаалдаг, эрхийнх нь төлөө тууштай тэмцдэг иргэний нийгмийн байгууллагууд үүргээ биелүүлэх цаг ирснийг илтгэх бас нэгэн ноцтой судалгаа байна. Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хорооноос гаргасан “Хүчирхийллийн нүцгэн үнэн” судалгаагаар 15-64 насны гурван эмэгтэй тутмын хоёр нь хүчирхийлэлд өртөж байсан, үүний нэг хүрэхгүй хувь нь мэдээлэгддэг. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн тэн хагас нь үр хөндүүлж байсан сэрдхийлгэм баримт байна. Өөрөөр хэлбэл, бие махбод, бэлгийн хүчирхийллийн хувьд Монгол Улс Ази номхон далайн бүсийн бусад орнуудтай харьцуулбал дунджаас дээгүүр түвшинд байгаа аж. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн хүүхдүүд зан байдлын доголдолтой болдгийг тэмдэглэсэн энэхүү судалгааны талаар НҮБ-ын хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара “Судалгаанд 21 аймаг, есөн дүүргийн 7860 өрх хамрагдсанаас 7319 эмэгтэйтэй ярилцлага хийсэн. Судалгаагаар хамтрагчтай байсан нийт эмэгтэйчүүдийн 59.9 хувь нь амьдралдаа нэг болон түүнээс олон төрлийн хүчирхийлэлд өртсөн байна гэсэн тоо баримт гарсан. Энэ нь нийт эмэгтэйчүүдийн 3.2 буюу гурван эмэгтэй тутмын хоёр нь ямар нэг хүчирхийлэлд өртсөн байна гэсэн үг юм.
Үүнээс гадна нийт эмэгтэйчүүдийн 31.2 хувь нь бэлгийн болон бие махбодийн эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдалтай байгаа юм. Бидний зүгээс судалгаанд оролцож ярилцлага өгсөн эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд өөрсдийнхөө зүгээс чадах бүхнээ хийсэн” гэж хэлж байсан юм.
Мэдээж гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг гэмт хэргээс сэргийлэх төрийн бодлого, үүрэг юу юунаас чухал. Тэр хэрээр бодлогын түвшинд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль зэрэг эрхзүйн баримт бичгүүд ч батлагдаж хэрэгжээд явж байна. Харин нэгдэж нийлээд төр засгийг шахдаг, хяналт тавьдаг эмэгтэйчүүдийн холбоо гэдэг байгууллага өнгөрсөн хугацаанд юу хийж ирсэн бэ гэх асуулт хариулт нэхсээр өдий хүрлээ. Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэх байгууллага 94 жилийн зузаан түүх намтартай ч эмэгтэйчүүдийнхээ төлөө дуугарах нь битгий хэл бараа сураг нь ч гардаггүй гэхэд дэгсдэхгүй. Тиймээс хоног, хором мөч бүхэнд эрсдэлд орж байдаг эмэгтэйчүүдээ хамгаалдаг эмэгтэйчүүдийн холбоотой болох шаардлага зүй ёсоор урган гарч байна. Нам, төр аль нэг эвслээс хараат бусаар зөвхөн эмэгтэйчүүдээ боддог, хамгаалдаг, энэ асуудлыг орхилгүй тууштай тэмцдэг холбоотой болж, гагцхүү “сэтгэлтэй” хүмүүсээр удирдуулмаар байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.УЯНГА