Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын явцыг танилцууллаа

Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын явцыг танилцууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Монгол Улсын Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл" боловсруулах ажлын явцын талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

УИХ-ын дарга аа,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын нийт хүн ам 3.2 саяд хүрч, нутаг дэвсгэрийн хувьд нийслэл, 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 1765 баг, хороо бүхий засаг захиргааны бүтэц, зохион байгуулалтын нэгжтэй байна.

Хүн амын судалгаа, мэдээллээс үзэхэд, хотжилтын түвшин нь хөдөөгөөс хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр хурдацтай нэмэгдэж, 67.6 хувьд хүрээд байна. Нийслэл, бүсийн тулгуур төв болон аймгийн төв болох 23 хот, түүний орчимд манай улсын нийт хүн амын 66.0 орчим хувь нь амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж байна.

Тодруулбал, 2017 оны байдлаар зөвхөн Улаанбаатар хотод улсын нийт хүн амын 46 хувь буюу нийт хотын хүн амын 70 хувь төвлөрч, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, дотоодын нийт бүтээгдэхүүний 65 орчим хувийг үйлдвэрлэж байна.

Дэлхий нийтээрээ том хот руу шилжин суурьших хөдөлгөөнөөс үүдэлтэй хүн амын хэт төвлөрлийг бууруулахын тулд бусад хотууд болон хөдөөд амьжиргааны нөхцөлийг сайжруулах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх,  бүсийн тэргүүлэх төв, дагуул хотуудын хөгжлийг дэмжихийг чухалчлан үзэж улс орнууд тусгай бодлого, төлөвлөлтийн урт хугацааны баримт бичгүүдийг батлан гаргаж хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Бүгд Найрамдах Солонгос улсад “Үндэсний нутаг дэвсгэрийн хөгжлийн бодлого ба стратеги”, Япон Улсад “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, ОХУ-д “Нутагшилт, суурьшлын ерөнхий схем”, Турк улсад “Хот, суурин газрын хөгжлийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөө бэлтгэх төсөл” хэрэгжиж байна.

Монгол Улс нь нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг хэрнээ хүн амын хамгийн их хувь нь нийслэл хотдоо төвлөрснөөрөө мөн адил дэлхийд тэргүүлэх хэмжээнд байгаагаас гадна хүн амын тал шахам хувь нь агаар, ус, хөрс зэрэг орчны бохирдол ихтэй хотод амьдарч байгаа нь хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоо алдагдсаны тодорхой илэрхийлэл юм.

Хүн амын хэт төвлөрлийг сааруулахын тулд хүн амын шилжилт хөдөлгөөнийг татах хүчин зүйлсийг нийслэлийн дагуул хот болон орон нутгийн хот, суурин газруудад бий болгох шаардлагатай.

Олон улсын жишгээс авч үзвэл хүн амын амьдрах тохиромжтой орон зай, тааламжит орчныг өөрийн орны онцлог, газар нутгийн нөөц, баялаг, байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөлтэй уялдуулан, цаг хугацааны хүчин зүйлийг харгалзан газар зүйн байршилд тулгуурлан тодорхойлдог.

Энэ үндсэн дээр нийгэм, эдийн засгийн ирээдүйн хөгжил, соёлын түвшинг илэрхийлэх, нийгмийн дэвшилд идэвхтэй нөлөөлөх бодит үр дагавар бүхий нутаг дэвсгэрийг зохион байгуулах, хүн амыг зохистой байдлаар нутагшуулах төслийг боловсруулж, төрийн бодлогын түвшинд авч үзэн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага урган гарсан.

  Нэгдсэн Үндэсний Байгууллагын хүн ам суурьшлын газраас гаргасан удирдамжийн дагуу “Монгол Улсын Хот Байгуулалтын Тайлан”-г 2016 онд боловсруулан гаргасан нь уур амьсгалын өөрчлөлтөнд орчин үеийн хотын хэв маяг ямар байх, тогтвортой хөгжлийн ололтыг хот төлөвлөлттэй хэрхэн нийцүүлэх, нийгэмд тэгш хүртээмжтэй байхаар хот төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд чухал баримт бичиг болсон.

2016 онд зохион байгуулагдсан НҮБ-ын чуулганаас тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын дагуу “Хотжилтын шинэ хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж, уг хөтөлбөрийн хэрэгжилтийг Дэлхийн хотуудын форумд тайлагнах үүрэг хүлээсэн.

Энэ онд зохион байгуулагдсан Дэлхийн хотуудын 9 дүгээр чуулганд манай улсын төлөөлөгчид оролцож, “Хотжилтын шинэ хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар санал бодлоо солилцож, НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрөөс (ХАБИТАТ)анхаарал хандуулж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг орон нутгийн нөхцөлд тохируулан хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах сонирхолоо илэрхийлсэн.

Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын тогтолцоо болон хот байгуулалтын салбарт нэг хот төвтэй хүн амын хэт төвлөрөл, агаар, хөрс, усны бохирдол, авто замын хөдөлгөөний түгжрэл, хот болон хөдөөгийн хөгжлийн ялгаа ихсэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэл нэмэгдэх зэрэг сорилтууд цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна.

Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулан агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, нийслэлийн дагуул хот, суурин газрууд, бүсийн тулгуур төв, аймаг, сумын төвүүд зэрэг бусад хот, суурин газруудыг төлөвлөн хөгжүүлж, хүн амын хэт төвлөрлийг сааруулах, орон нутгийн хотуудын хөгжлийг бүсчилсэн хөгжлийн бодлогоор дэмжих зэрэг арга хэмжээг авах шаардлага гарч байна.

Монгол Улсын Үндсэн хуульд “Төр нь үндэсний аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасныг хэрэгжүүлэхэд юуны өмнө өргөн уудам нутаг, харьцангуй эмзэг байгаль, цөөн хүн амын харилцан шүтэлцээг харгалзах нь зүйтэй. Үүнд, Монгол орны газар нутаг, уур амьсгал, хүн амын уламжлалт нүүдлийн болон суурин хэвшлийн амьдрал, соёл иргэншлийн онцлогт тохирсон шинжлэх ухааны үндэслэлтэй, алс хэтийн хараатай хот байгуулалтын зөв бодлого хэрэгтэй.

“Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” болон “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”- ийг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг үе шаттай зохион байгуулах зорилтуудыг дэвшүүлсэн.

“Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг анх боловсруулж байсан 1996 оноос хойш Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтолцоонд ихээхэн өөрчлөлт, дэвшил гарсан тул уг төслийн баримт бичгийг шинээр боловсруулах шаардлага үүссэн. Тухайлбал:

-Монгол Улсын хүн амын тоо 3,2 саяд хүрч өссөн;

-Мал сүргийн тоо 66 сая толгойд хүрсэн;

-Монгол улсын эдийн засаг жилээс жилд улам өргөжин тэлж байгаа;

-Уул уурхайн болон барилгын салбарт өсөлт бий болж, Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн ордуудаас гадна өөр бусад орд, уурхайнээгдэж, тэдгээрийг дагасан хот, суурин байгуулагдаж байгаа;

- Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн шинэ суурьшил үүсэх таатай боломж, нөхцөл бүрдсэн;

-Бүх аймгийн төвүүд нь нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдох, мөн уул уурхай, аж үйлдвэрүүдийг холбосон зам, тээврийн сүлжээг барьж байгуулах бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа;

-Зарим бүс нутгийг газар тариалангийн чиглэлээр хөгжүүлснээр дотоодын гурил, тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдэж байгаа;

-Гадаад болон дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ чиглэл, маршрут гарч, бүс нутгийг хамарсан шинэ төслүүдийг хэрэгжүүлж байгаа;

-Бүс нутгийн эдийн засгийн интеграци, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтарсан эдийн засгийн коридор байгуулах хөгжлийн чиг хандлага,ОХУ, БНХАУ-тай хил орчмын хамтын ажиллагаа идэвхжиж, хилийн боомтууд шинээр нээгдэж, байнгын үйл ажиллагаатай боомтуудын тоо нэмэгдсэнээр хил орчмын суурьшлын бүсүүд бий болж байгаа;

-Дэлхийн байгаль, цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор улс орны хэмжээнд “ногоон” хөгжлийн асуудлыг шинээр авч үзэж, нутагшилт, суурьшлын төсөлд тусган хэрэгжүүлэх шаардлага үүссэн;

-Нийслэлийн хэт төвлөрлийг сааруулах, орон нутагт хөгжлийг бий болгож, хүн амыг тогтвортой суурьшуулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа зэрэг болно.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө нь усны нөөц, горимд өөрчлөлт орох, олон жилийн цэвдэгт хөрс болон өндөр уулын мөстлөг хайлах, нуур цөөрөм, булаг шанд ширгэх, хөрсний усны түвшин доошлох, зуны хэт халалт, хуурайшилт болон агаарын мандлын гаралтай конвекцийн үзэгдлийн улмаас хөрс, бэлчээр доройтон ургамлын төрөл зүйлийн бүрдлийн тоо цөөрч, цөлжих үйл явц идэвхжих, зэрлэг амьтдын тархалтын бүс нутаг өөрчлөгдөх, ой хээрийн түймрийн давтагдал нэмэгдэх зэргээр илэрч байна.

Монгол орны өргөн уудам газар нутагт хүн амын нутагшилт, суурьшлын орон зайн төлөвлөлтийг уур амьсгалын өөрчлөлт, цаашдын хандлагатай уялдуулан авч үзэх нь хот, суурин газрын тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй үүсч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дасан зохицох үндсэн нөхцөл болно.

Монгол орны нутаг дэвсгэрт өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд уур амьсгал 2-оос дээш хэмээр дулаарсан гэсэн судалгааны дүн байдаг.

Энэ бүсэд Улаанбаатар болон 9 хот, 55 сумын төв оршиж, хүн амын 60 хувь амьдарч байгаа нь уур амьсгалын өөрчлөлт, дулаарлаас үүдэлтэй эрсдэл өндөртэй бүсэд оршин суурьшиж байгаа гэсэн үг юм. Эрчимтэй хотжилт нь зүй бус газар ашиглалтыг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг нь хотуудын эмзэг байдлыг нэмэгдүүлж байна.

Хуурай, эрс тэс уур амьсгалтай, нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг Монгол Улсын хувьд ихээхэн хохирол дагуулдаг ган, зудын давтамж, түүний улмаас учирч буй эдийн засаг, нийгмийн хохирлын хэмжээ жил ирэх тутам улам бүр өсөн нэмэгдэх хандлагатай байна.

Хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн Рихтерийн 7 ба түүнээс дээш, 12 сум 9 баллаас дээш газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд, нийт хүн амын 86 хувь нь эдгээр газар нутагт амьдарч байна. Монгол орны нутаг дэвсгэрт тохиолдож буй газар хөдлөлт тогтмол нэмэгдэж, сүүлийн 2 жилд газар хөдлөлтийн идэвхжилт, эрсдэл бараг 2.0 дахин өсчээ.

Уур амьсгалын өөрчлөлт нь Монгол Улсын хүн ам, эдийн засагт эрсдэлтэй, олон сөрөг үр дагаврыг авчрах төлөвтэй байгаа бөгөөд ус, ой, бэлчээр, газар, хөрс зэрэг нөхөн сэргээгдэх нөөцийн ашиглалтын менежмент, хүн амын нутагшилт, суурьшил, эрүүл мэндийн үйлчилгээ, технологийн стандартыг сайжруулахыг шаардаж байна.

Монгол Улсын эдийн засагт томоохон хот, суурины үзүүлэх нөлөө жил ирэх бүр нэмэгдсээр байгаа нь эдийн засгийн хөгжлийг орон зайн хувьд тэнцвэртэй хөгжүүлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна.

Хөдөө аж ахуй, газар тариаланд суурилсан эдийн засгийн бүтцэд өөрчлөлт орж, энэ салбарт ажиллагсдын тоо буурах хандлагатай болсон. Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн уламжлалт мал аж ахуй, газар тариалан нь тогтвортой орших нөхцөл хумигдсаар байна.

Үүнтэй холбоотой шилжилт хөдөлгөөн жилээс жилд өсөн нэмэгдэж, хүн амын төвлөрөл цөөн тооны томоохон хот, сууринд бий болсон нь бүс нутгийн хөгжлийн бодлогыг цаг алдалгүй хэрэгжүүлэх, томоохон бүсийн тулгуур төвүүдийг бий болгох бодит хэрэгцээг үүсгээд байна.

Монгол орны газар нутаг, байгалийн нөхцөл, нөөц, хүн амын уламжлалт нүүдлийн болон эрчимжиж буй суурин хэвшлийн амьдрал, соёл иргэншлийн зохистой харьцаа, өвөрмөц онцлогт нийцсэн төрийн цогц бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилтийг дунд болон урт хугацааны төлөвлөлт, үзэл баримтлалаар илэрхийлж, түүндээ байнга тодотгол оруулж байх шаардлагатай.

УИХ-ын гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуульд ”хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, амрах эрхтэй” гэж заасан.

Иргэний энэ эрх нь хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, мөн бүс нутгийн хөгжлийн төслүүд болон хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр дамжин хэрэгжиж, хүн амын эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

“Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг зөв төлөвлөн хэрэгжүүлснээр дараах асуудлуудыг шийдвэрлэнэ. Үүнд:

-Хүн амын нутагшилт, суурьшлын одоогийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, давуу болон сул талыг тодорхойлох;

-Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын амьжиргааны түвшин, байгалийн нөхцөл, нөөц, цаг уурын нөхцөл зэргийг тооцсоны үндсэн дээр хот, хөдөөгийн хүн амын нутагшилт, суурьшилд тохиромжтой нутаг дэвсгэр, бүсүүдийг тогтоох, шинээр бий болох хот, суурин газрын байршил, үүргийг тодорхойлох;

-Монгол орны хөгжлийг тэтгэх зам, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтцийн үндсэн тэнхлэгийг нутаг дэвсгэр зохион байгуулалтын бодлоготой уялдуулж цогцоор хөгжүүлэх, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх;

-Улсын нутаг дэвсгэр зохион байгуулалтыг оновчтой шийдвэрлэн, хөгжлийн төвүүдийг тодорхойлж, цаашдын хандлагыг тооцож тогтоох;

-Нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд болон хот, суурин газруудад хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ хийх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, хот, суурины оновчтой тогтолцоог бүрдүүлэх;

-Амралт, аялал жуулчлал, байгаль хамгаалал, түүх, соёлын асуудлыг хүн амын нутагшилт, хот байгуулалтын бодлоготой уялдуулан тодорхойлох;

-Жижиг, дунд, хүнд үйлдвэрлэл хөгжих нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, хот байгуулалтын нөхцөлийг бүрдүүлэх;

-Нэг төвөөс олон төвт тогтолцоо руу оновчтой шилжих үндэслэлийг боловсруулах, хөгжлийн ирээдүйн төлөвийг тодорхойлох;

-Хүн амын нутагшилт, суурьшил, хот байгуулалтын шийдэлд тулгуурласан засаг захиргааны хуваарийг боловсронгуй болгох санал, зөвлөмжийг боловсруулах юм.

“Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Ногоон хөгжлийн бодлого”,“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн зорилтыг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2017 оны  5 дугаар тогтоолоор “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулах, батлуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороог байгуулсан.

Төслийг боловсруулах ажлын хүрээнд “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулж батлуулах ажлыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, зургийн даалгаврыг батлах, Барилга, хот байгуулалтын яамны дэргэд “Хот байгуулалт, зураг төсөл, төлөвлөлтийн институт”-ийг байгуулан, тус төслийг боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

Цаашид улсын хэмжээнд газар нутгийн бодит нөөц, чадамжид суурилсан нутаг дэвсгэрийн болон бүс нутгийн тогтвортой хөгжлийн зарчмыг хангасан нэгдсэн төлөвлөлтийг боловсруулах, улс, бүсийн чанартай, стратегийн чухал ач холбогдолтой томоохон төсөл, хөтөлбөрүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг дээрх зураг төслийн институт гүйцэтгэх болно.

  Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас  “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг боловсруулах чиглэлээр Барилга, хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газартай хамтран ажиллаж байна.

Азийн хөгжлийн банк, Барилга, хот байгуулалтын яамны хооронд “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны 10 дугаар сард харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан бөгөөд НҮБ-ийн Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийнбайгууллага(ХАБИТАТ)-ийн зүгээс  техникийн туслалцаа үзүүлж хамтран ажиллахаар тогтсон.

  Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын цаашдын урт хугацааны хөгжлийн шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв шат дараалалтай, харилцан уялдаатай бодлогын дагуу хөгжүүлэхэд “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” ихээхэн чухал үүрэгтэй.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтын дагуу хүн ам, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, дэд бүтцийн үндсэн сүлжээний үйлчлэлийн зохистой хүрээнд тулгуурласан бүс нутгийн оновчтой бүтэц, хот, суурины тогтолцоог бүрдүүлэхэд төрөөс баримтлах урт хугацааны бодлого, төлөвлөлтийг тодорхойлох энэхүү баримт бичгийг 2018-2020 онуудад багтаан боловсруулж дуусгахаар төлөвлөж байна.

Улс орны хөгжлийн энэ чухал баримт бичгийг цаг хугацаанд нь, чанартай боловсруулж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх болно.

 

Анхаарал тавьсан явдалд баярлалаа.