Eрөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллаж байна

Eрөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрээр өнөөдөр өглөө Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг "Өгөөж Сүмбэр" ХХК-ийн үр тарианы ургац хураалтын явцтай танилцав.

Сүмбэр сумынхан хүнсний ногоогоо 100 хувь хурааж авсан бол ургац хураалт 60 хувьтай байна. Цас орж үр тариа хэвтүүлсэн ч самнаж авах техник ашиглаж байгаагаа Ерөнхий сайдад танилцууллаа.

Засгийн газраас газар тариалангийн бүс нутгийг зарласан нь эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малчид, тариаланчид ойлголцож, бие биенээ харилцан дэмжихэд ихээхэн ач холбогдолтой болсныг тэд хэлж байлаа.

Иргэдээ эрүүл хүнсээр хангах үндэс суурь болсон газар тариалан, мал аж ахуйн салбарыг зохистой бодлоготой хөгжүүлэх, ингэхийн тулд газар тариалангийн бүс нутгийг тогтоох, тариалангийн талбай, хөрсөө хамгаалах шаардлагатайг онцолж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, шийдвэр гаргахаа Eрөнхий сайд хаврын тариалалтын үеэр мэдэгдэж байсан.

Энэ хүрээнд Засгийн газраас энэ оны тавдугаар сард газар тариалангийн бүс нутгийг тогтоон, долоон аймгийн 66 сумын 113 багийг эхний ээлжинд хамруулсан. 10 гаруй жил яригдсан ч шийдэлд хүрч чадаагүй байсан энэ  асуудлыг шийдвэрлэсэн юм.

Монгол Улсын хэмжээнд дотоодын улаанбуудай, хүнсний ногоогоор бүрэн хангах тариалангийн бүс нутаг нь нийт газар нутгийн 0.5-хан хувийг эзэлдэг. Иргэдээ эрүүл хүнсээр тогтвортой хангах нь хамгаас чухал гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариаланчдад ярьж байлаа.

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой ирэх онд тохионо. Салбарын яам түүхт ой угтан “Атар 60” бүтээлч ажил өрнүүлж байна.

Энэ жил улсын хэмжээнд 367 мянга гаруй га-д үр тариа, үүнээс 343 мянган га-д буудай, 13 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 70 орчим мянган га-д тосны ургамал, 39 орчим мянган га-д тэжээлийн ургамал, нийт 497 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 450 мянган тонн үр тариа, үүнээс 426 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95 мянган тонн хүнсний ногоо, 30 мянган тонн тосны ургамал, 86 мянган тонн малын тэжээлийн ургамал хурааж авахаар байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Eрөө, Хүдэр суманд ажиллан ургац хураалт, хадлангийн явцтай танилцаж, шаардлагатай шийдвэрүүдийг гаргана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ