Я.Содбаатар сайдын эхний тушаал Д.Жигжиднямааг огцруулах уу?

Я.Содбаатар сайдын эхний тушаал Д.Жигжиднямааг огцруулах уу?

Зам тээвэр хөгжлийн сайдаар Я.Содбаатар томилогдов. УИХ-ын нэгдсэн чуулганаар Зам тээвэр хөгжлийн сайдад Я.Содбаатарыг нэр дэвшүүлэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг хэлэлцэхэд 98% нь дэмжиж харагдлаа. Нэг үгээр хэлбэл ногоон гэрэл, цагаан шугамаар тэр сайд болов. Хөшигний цаана явагдсан тохиролцоо, хоёр нам дамжсан хэлэлцээр амжилттай болсон гэдгийн баталгаа.

Я.Содбаатарын нэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх оруулж ирсэн ч нэг талаасаа МАН-ын 33 болон 32-ын бүлэг тохиролцож чадсан. Нөгөө талдаа Зам тээвэр хөгжлийн яамнаас хараа бүү хэл, гараа ч салгаж чаддаггүй Ерөнхийлөгч Х.Баттулга бас зөвшилцөлд хамрагдсан гэсэн үг. Ерөнхийлөгчийн хувьд Ерөнхий сайдын санал болгосон нэр дэвшигчийг дэмжсэн. Үүний цаана том тохиролцоо явагдсан гэдэг нь гарцаагүй ээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд нарийн цариг бүхий төмөр зам барих асуудлыг хойш татах, энэ ажлыг явуулахгүй байх сонирхолтой. Энэ хүрээнд л ажиллаж чадах сайдыг дэмжих нь гарцаагүй юм. 32-ын буюу М.Энхболдын бүлэг энэ тал дээр ажиллах магадлалтай. Харин У.Хүрэлсүхийн буюу 33-ын бүлэг энэ тал дээр хойрго хандах өндөр магадлалтай. Иймээс л энэ дундаас Я.Содбаатар сугарч гарч ирсэн учраас 33-ын төлөөлөл хэмээн харж болох юм. Гэхдээ Өвөрхангай аймгийн иргэдийн итгэл хүлээсэн Я.Содбаатарын хувьд Сү.Батболдын фракцыг төлөөлөх магадлал маш өндөр. Ийм нөхцөлд нарийн цариг бүхий төмөр замыг явуулах тал дээр анхаарна. Эсвэл өргөн царигтай ч БНХАУ-ын төмөр замтай нийлэх буюу нүүрс зөөвөрлөх төмөр замыг барих ажлыг эрчимжүүлэх үүрэгтэй. Ингэхийн тулд хэд хэдэн ажил хийх ёстой. Үүний нэг нь УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргыг солих ажил юм.

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаатай хариуцлага тооцох хангалттай шалтгаан байна. Гагцхүү Оросын талтай зөвшилцөх, дахин монгол дарга тавих гэдэг тохиролцоог хийх л хүндрэлтэй байж болох юм.

Д.Жигжиднямаагийн хувьд 1000 хуучин вагон оруулж ирсэн асуудал, Төмөр замын ээлж дараалсан осол, Галт тэргэнд дайруулж амь насаа алдсан иргэний хэрэг, Төмөр замын засварчин галт тэргэнд дайруулсан хэрэг гэх мэт олон зөрчил дутагдлыг үүрэх албан тушаалтан яах аргагүй мөн хэмээн төмөр замчид үзэх юм билээ. Учир нь ямар нэгэн хэрэг болоход тус байгууллагыг толгойлж байгаа хүн хамгийн түрүүнд хариуцлага хүлээдэг зарчим бий. Энэ л зарчмын үндсэн дээр хариуцлага тооцох ёстой.

Гэвч өнөөдрийг хүртэл Зам тээвэр хөгжлийн яам Д.Жигжиднямаа гэж хүний толгойг илж, зөөлөн сандалд нь тухлуулж, зүгээр л амар сайханд нь жаргааж байна. Уг нь 1000 хуучин вагон шахсан гэх дуулиантай зэрэгцээнд л түүнд хариуцлага тооцох асуудал сөхөгдөж эхэлсэн. Гэвч Д.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ хэмээх 2 сайдын үед суудалдаа үлдэж чадлаа. Харин одоо Я.Содбаатар сайд түүнийг суудлаас нь ховхолж, Монгол төрийн хариуцлага гэгчийг тооцож чадах уу?

Я.Содбаатар: ХАРИУЦЛАГАГҮЙ, АШИГ ХОНЖОО ХАРСАН БАЙДАЛТАЙ ЭВЛЭРЭХГҮЙ

 

Зам тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатар тамга тэмдэг хүлээн авсны дараа дээрх үгийг хэлсэн юм.

Эрдэм боловсрол, хүч бололцоогоо дайчлан ажиллахын зэрэгцээ салбарынхаа чадварлаг мэргэжлийн хамт олныхоо хүч дэмжлэгтэйгээр тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгтээ итгэл төгс байна. Юуны өмнө өнө эртний түүхэн уламжлал, өндөр босго бүхий Монгол төрийн нэр хүндийг сэвтээж байгаа төрийн зарим албан хаагчийн хариуцлагагүй, ёс суртахуунгүй, төрийн албанд хоноцын сэтгэлгээ, ашиг хонжоо харсан байдлаар ханддаг байдалтай эвлэрэхгүй гэдгээ хэлэхийг хүсч байна.Тэгэхээр юуны өмнө халаа сэлгээ хийхгүй, мэргэжлийн баг бүрдүүлнэ гэж ойлгож болох юм хэмээн тайлбарлав.

Халаа сэлгээ хийхгүй, гэхдээ мэргэжлийн баг бүрдүүлнэ гэсэн түүний үг зарим нэг хүнийг явуулж, оронд нь өөрийн хүнээ авчирах болно гэдгийг илтгэж байна.

Я.Содбаатарын явуулах хүмүүсийн жагсаалтанд ямартай ч УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа багтаж байгаа гэх мэдээлэл чих дэлсэж байна.

Дашрамд дуулгахад Я.Содбаатар зам тээврийн сайд болох тохиролцоо Булган аймагт хийгдсэн гэдэг. Түүнийг томилох тохиролцоонд хуучин сайд Ж.Бат-Эрдэнэ, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарын хүмүүс байлцаж, 33 болон 32-ын бүлгийн тохиролцоог хийсэн гэдэг юм.