“Магнай Трейд” группийн захирал Р.Ганзоригийг Цагдаагийн байгууллагаас түр саатуулжээ. Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Р.Ганзориг захирлыг урд шөнө баривчилж, түр саатуулсан байна. Ямар үндэслэлээр баривчлаж байгаа талаараа цагдаанийн зүгээс мэдээлэл өгөхгүй байна. Цагдаагийн байгууллагын хэд хэдэн эх сурвалжаас асуухад энэ асуудал шалгагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариулалтыг өгч байна.
Албан бус эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр Жаст группийн захирал Ш.Батхүүгийн хэрэгтэй холбоотойгоор саатуулсан байх магадлалтай гээ. "Магнай трейд" групп болон "Жаст" группийн дунд шатахуун түгээх станц худалдсан, худалдан авсан бизнесийн тохиролцоо байдаг гэнэ. Энэхүү ажил нь хууль зөрчсөн, эсвэл Жаст группийн эд хөрөнгийг зувчуулсан байж болзошгүй гэж цагдаагийн байгууллага үзсэн байх талтай гэнэ.
Мөн цагдаагийн нэр бүхий албан хаагчийн хэлж байгаар Магнай трейд группийн захирал Р.Ганзоригийг шатахуун нэрж, үйлдвэрлэсэн гэх асуудлаар шалгаж байз болзошгүй гэх мэдээллийг мөн өгч байна. Хуурамч шатахуун гэх яриа нэг хэсэг гарсан. Уг хэрэгтэй ч холбоотой байж болзошгүй гэнэ
Магнай трейд группийн захирал Р.Ганзоригийг цагдан хорих санал шүүхэд хараахан очоогүй байна.
Түүнийг үргэлжүүлэн хорих шаардлагатай гэж үзсэн нөхцөлд мөрдөн байцаагч прокурорт хандаж, прокурор шүүхэд хүсэлт гаргасанаар шүүх бүрэлдэхүүн хуралдж шийдэх хуулийн зохицуулалттай. Уг зохицуулалтаар 48 цагийн дотор асуудлыг шийдэх учиртай юм.
Дашрамд сонирхуулахад Жаст группийн захирал Ш.Батхүүгийн хувьд Эрдэнэт үйлдвэрийн 51% гадны банкинд барьцаалсан гэх хэрэгт буруутгагдаад байгаа билээ.
Зарим мэдээллийн хэрэгслээр Р.Ганзориг захирлыг шатахуун нэмсэн асуудалтай холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл нь ташаа ойлголт гэнэ.