Тус дүүргийн Тамгын газрын хамт олон Үндэсний мод тарих өдрөөр Баянхошуу хайрханы бэлд 250 ширхэг улиас суулгалаа. Өмнө нь энэ газарт 78 айл зөвшөөрлөгүй буусан байсныг дүүргийн Газрын албаныхан нүүлгэн шилжүүлж чөлөөлжээ. Жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн найманд тахидаг Баянхошуу хайрханыг моджуулж, иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх ногоон бүс болгох зорилго тавьсныг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн онцлов. Дүүргийн ИТХ-ын 2016 оны шийдвэрээр Баянхошуу хайрханыг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ. Жил бүрийн хавар, намарт мод суулгаад орхих биш тарьсан моддоо услах, арчлах хүмүүсийг ч дүүргээс томилохоор болсныг албаны хүмүүс хэлж байв. Баянхошуу хайрханы баруун бэл, 24-р хорооны нутагт иргэд, аж ахуйн нэгжүүд мод тарих боломжтой юм байна.