Түмэн амарч, хот аниргүйд автахтай зэрэгцэн авлига хээл хахуулийн яриа хэлэлцээр эрчимждэг бололтой. Учир нь АТГ-аас авлига авч байгаа албан тушаалтанг үйлдэл дээр нь баривчилсан гэх мэдээлэл бүр өнгөрсөн шөнө гэсэн тодотголтой байдаг.
Яг ийм нэгэн үйл явдал өнгөрсөн шөнө боллоо. АТГ-аас 2018 оны 10 сарын 14 орой дахин нэг баривчилгаа хийлээ. Эрчим хүчний яамны харьяа Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б-г хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулсан гэдэг мэдээллийг эх сурвалж өгч байна. Авлига авч байсан албан тушаалтан, хахууль өгөх гэж байсан иргэн хоёрыг саатуулсан гэнэ.
Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулаад байгаа юм байна. 48 цагийн дотор үргэлжүүлэн хорих эсэх шийдвэрийг прокурорын хүсэлтээр шүүх гаргах учиртай.
Эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр бол Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит компаний захирал нь Б гэгч нь 500 сая төгрөгийн авлига авах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан гэдэг мэдээлэл байгаа юм.
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь 360 гаруй ажилтантай. Ерөнхий захирал, дэд захирал, Ерөнхий инженер, Ерөнхий инженерийн орлогч гэсэн удирдлагын багаар удирдуулан ажиллаж байгаа юм.
Тус компани нь дараах үндсэн үйл ажиллагааг явуулдаг юм.
- Нийслэл хотын төвлөрсөн дулаанд холбогдсон хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах, түгээх, шугам тоноглолын засвар үйлчилгээг чанартай хийж үйлдвэрлэлийг найдвартай явуулах.
- Дулааны эрчим хүчний борлуулалтын үнэ өртгийг бүрэн цуглуулах.
- Дулааны эх үүсвэрт боловсруулсан дулааны эрчим хүчний чанарт байнгын хяналт тавьж алдагдалгүй дамжуулах.
- Төвлөрсөн дулаан хангамжинд шинээр холбогдох хэрэглэгчийн захиалгыг судлан барилга, объектын техникийн нөхцлийг зохих журмын дагуу олгож хэрэгжилтэнд нь хяналт тавих.
Хэрэглэгчийн дулааны шугам тоноглолын засвар, үйлчилгээг чанартай хийлгэж өвлийн их ачааллыг амжилттай давах, дулааны эрчим хүчний ашиглалтад тогтмол хяналт тавьж зүй бус хэрэглээг бууруулах, хэрэглэгчдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааг эрхэлж байна.