Засгийн газрын 6 сайдыг огцруулах эсэх асуудлыг ярьж эхэлсэн гэх мэдээлэл бий. Энэ дотроос хамгийн түрүүнд сангийн сайд Б.Чойжилсүрэнг огцруулж болзошгүй талаар шуугих болжээ. Учир нь Сангийн сайдын өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн бодлого, хийсэн ажил нь Улсын Их Хурлын гишүүдийн санаанд төдийлөн нийцээгүй. Үүнийг гэрчлэх баримт нь Сангийн сайдын хоёр гар дээрээ барьж орж ирсэн хуулийн төслүүд юм. Хоёр ч хуулийн төсөл нь шороотой хутгалдаж, ширүүхэн шүүмжлэлд өртөж ад үзэгдсээр адаг сүүлдээ хууль санаачлагч нь буцаан авахад хүрсэн. Үүний гавьяагаар Мэргэжлийн засгийн газрын нэр хүнд сахил хүртэх гээд шал дордов гэгч болчихсон билээ.
УИХ-ын гишүүд сангийн сайдыг Чуулганы танхимд хэрхэн баалж байсан вэ?
Сангийн сайдыг огцруулах эсэх асуудлыг ярь гэдэг шүүмжлэл хамгийн түрүүнд гарсан. Өнөөдөр ч энэ шүүмжлэл хүчтэй давалгаалж байгааг эх сурвалж өгүүлж байна. Сангийн сайдын хувьд суудалтайгаа үлдэх гэж зүтгэж байгаа нь гарцаагүй. Харин түүний өрсөлдөгч нар ар хударгаар нь асуудал бүрийг нь дэвэргэж суугаа нь ойлгомжтой. Долларын ханш өссөн. Эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөг хэрэгжүүлэх чадамж Б.Чойжилсүрэн гэгч хүнд байхгүй. Ашиг сонирхлын зөрчилтэй хууль оруулж ирдэг. Татвар нэмнэ гэж түмэн олны санаа сэтгэлийг үймүүлдэг. Ажил хийх аргаа олоогүй хэрнээ асуудал бэрхшээл тоочиж суухаас өөр чадамжгүй гэх мэт шүүмжлэл гишүүдийн амнаас урсан гарах болжээ. Энэ нь сангийн сайдын хувь заяа сайндаа л гэхэд 2017 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ. Түүнээс цааш түүнд суудалтайгаа зууралдах боломж байхгүй гэж хашир гишүүд хоорондоо инээлдэж суугаа сурагтай.