Амиа алдсан 2 цагдааг ялгаварлахын учир юу вэ?

Амиа алдсан 2 цагдааг ялгаварлахын учир юу вэ?

Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн 2 албан хаагч амиа насаа алдсан харамсалтай хэрэг 7 хоногийн дотор гарлаа. Нийгэм шуугиж, цагдаагийн бие бүрэлдэхүүн гашуудан энэлж байна. Өнөөдөр гэмт этгээдийг саатуулах гэж оролдоод хүнд гэмтэл аван, эмнэлэгт хүргэгдсэн ч өвчнөө даалгүй амь насаа алдсан цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханг сүүлчийн замд нь үдэв.

Залин хийгээд зугтсан, эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдийг саатуулах гэж машинаас нь зүүгдсэн. Гэмт этгээдийн машинд чирэгдсэн эрэлхэг цагдаагийн бичлэгийг та бид харсан, бас харамссан. Түүний үйлдэл нэг талаасаа баатарлаг мэт боловч нөгөө талдаа амь насаа эрсдэлд оруулсан үйлдэл байв. Гэвч өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, амь биеэ золиослон байж гэмт этгээдийг саатуулах эрхэм үүргээ ухамсарласан цагдаагийн ахлах ахлагчаар бахархах ч багадна.

Гэмт этгээдүүдийн машинд нь чирэгдсэн цагдааг түлхэж, тархинд нь хүнд гэмтэл учруулсан талаар албаныхан мэдээллэж байв. Амь насыг нь аврах гэж эмч нар зүтгэсэн ч тусыг эс олсон нь нийгмийн бүхэлд нь бараан сүүдэрт даруулсан билээ.

Эрхэлхэг хөвгүүн, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан нь 1996-1999 онд ЦЕГ-ын дохиолол, хамгаалалтын албанд цагдаа, 1999-2002 онд Баянзүрх дүүргийн замын цагдаагийн тасагт зохицуулагч, 2002-2010 онд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаа, 2010-2012 онд Нийслэлийн цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн цагдаа, 2012 оноос өдийг хүртэл Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст эргүүлийн цагдаа жолоочоор томилогдон ажиллаж байлаа. 22 жил цагдаагийн албанд зүтгэсэн түүний хувьд ганцхан жилийн дараа тэтгэвэртээ суух гэж байжээ. Гэвч...

Талийгаачийг сүүлчийн замд нь үдэх үед Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон сууцны асуудлыг шийдвэрлэж өгөх амлалтыг өглөө. Учир нь талийгаач эхнэр, 4 хүүхдийн хамт ахынхаа хашаанд амьдардаг байжээ. Тэрээр орон сууцны асуудал шийдүүлэх хүсэлтийг хотын захиргаанд тавьж байсан байна. Иймээс уг асуудлыг шийдэж өгөх болно гэсэн амлалтын Ерөнхий сайд өгсөн юм.

Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйл. “Нийгмийн баталгаа”, 86.1. “Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагын улмаас амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно” гэж заасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №Б/725 тоот тушаалаар Албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан Сүхбаатар дүүрэг дэх цагдагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлд талийгаачийн 120 сарын үндсэн цалин болох 76.757.640 төгрөгийн тэтгэмжийг нэг удаа олгох шийдвэр гарсан

 

2018 оны 10 сарын 13-14-нд шилжих шөнө Булган аймаг дахь цагдаагийн газрын Гурванбулаг дахь хэсгийн төлөөлөгч Э.М Бугат сумын нутаг Бяцхан хөтөл гэх газар Prado маркын авто машинтай онхолдож амь насаа алдсан хэрэг гарсан байдаг. Осол болсон газар нь аймгийн төвөөс хойш 20 км зайтай, асфальтан замтай.

 Э.М нь 1990 онд Улаанбаатар хотод төрсөн. 2012 онд Төв аймгийн цагдаагийн газрын Заамар дахь сум дундын цагдаагийн хэлтэст Эрүүгийн төлөөлөгчөөр, 2018 оны зургадугаар сараас Булган аймаг дахь цагдаагийн газрын Гурванбулаг дахь хэсгийн төлөөлөгчөөр тус тус томилогдон цагдаагийн байгууллагад 6 дахь жилдээ ажиллаж байсан нэгэн юм.

Хэсгийн төлөөлөгч Э.М нь нас барахынхаа өмнө малын хулгайн хэргээр мөрдөн байцаах ажиллагаа явуулж байсан гэдэг. Тус хэргээр сэжиглэн саатуулсан этгээдийг өмгөөлөхөөр Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч, тус цагдаагийн алба хаагчтай уулзсан байдаг байна.  Уулзахдаа цагдаагийн алба хаагч руу дайрч, хэл амаар доромжилж, бичлэг хийсэн нь хэсгийн төлөөлөгчийг багагүй сэтгэл санааны хямралд оруулсан байж болзошгүй хэмээн албаныхан таамаглаж байгаа гэнэ.

Уг үйл явдлын дараа хэсгийн төлөөлөгч амь насаа алдсан нь иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчийн үйлдлээс болж амиа алдсан байж болзошгүй хэмээн цахим сүлжээнд зарим хүмүүс хардаж эхлээд байгаа юм.  Хэсгийн төлөөлөгч онхолдож нас барсан хэргийг шалгахаар Цагдаагийн ерөнхий газрын ажлын хэсэг Булган аймгийн Гурванбулаг суманд ажиллаж байна. Цагдаагийн алба хаагчийн ажил үүргийн эрх чөлөөнд халдсан эсэх болон осол болсон шалтгаан гадны нөлөөлтэй эсэхийг нарийвчлан шалгахаар болсон гэнэ.

Амь насаа алдсан цагдаагийн алба хаагчтай уулзаж, маргалдсан гэх Иргэний нийгмийн төлөөлөгчийн хувьд хэсгийн төлөөлөгч амиа алдсанд харамсаж байна. Гэхдээ би тэр хүнийг амиа алдахад хүргээгүй. Би түүнтэй уулзаж шаардлага тавьсан нь үнэн. Тэр цагдаа харин уучлалт гуйж чаддаг шударга хүн байсан хэмээх тайлбарыг нэгэн сайтад өгсөн байдаг.

Талийгаач эхнэр гурван хүүхэдтэй. 5 болон 3 настай, харин бага нь хорвоод мэндлээд дөнгөж 45 хонож байгаа гэнэ.

Булган аймгийн Гурван булаг сумын хэсгийн төлөөлөгч Э.М нь ганцаараа л ажиллаж, олон хэргийн зангилааг тайлж, ажлын хариуцлага, өргөсөн тангарагтаа үнэнч байсан тухай тус сумынхан ам уралдан магтсан талаар мэдээлэл бэлтгэхээр тус суманд очсон хүмүүс ярьж байна.

Тангараг өргөсөн 2 цагдаагийн албан хаагч амь насаа алдсан ийм 2 хэргийг нэгийг нь харж шагшин магтаж, харин нөгөөг нь бид нам жим орхиж байх шиг. Уг нь 28 настай хэсгийн төлөөлөгч талийгаач залуугийн  ар гэрд ч гэсэн Цагдаагийн Ерөнхий газар, Монгол улсын Ерөнхий сайд хүндэтгэл үзүүлэхэд болохгүй гэх саад үгүй л болов уу.

Хэргийг шалгаж байгаа гэдэг тайлбараар хачир хийж болох ч гэсэн албан үүргээ аль аль нь гүйцэтгэж явсан гэдгийг санах л учиртай. Нөгөө талдаа цагдаагийн албан хаагч сэтгэл санааны хямралаа даван туулах хэцүү байдаг тухай албаныхан ярих юм билээ.

Шалгаж байгаа хэрэг, үүсч байгаа нийгмийн бухимдал зэргээс үүдэн олон цагдаагийн албан хаагч сэтгэл санааны гүн хямралд ордог. Хямралаа даван туулах гэж зүдэрдэг, үүнээсээ болж буруу зуршилд автах, гэр бүлдээ сэтгэл зүйн дарамтаа үзүүлэх, эсвэл ажлаасаа гарах, цаашлаад амиа ч алдах эрсдлийг үүрч явааг өнөөдөр тунгаах цаг болжээ. Эрх зүйн орчныг сайжруулж, ийм асууда үүссэн нөхцөлд хэрхэн арга хэмжээ авах тухай зохицуулалтыг суулгаж өгөх зайлшгүй шаардлага бий болсон байна.

Заавал хууль гэхгүйгээр Цагдаагийн Ерөнхий газар, цаашлаад Хууль зүй дотоод хэргийн сайдын хүрээнд дүрэм, журмаар шийдвэрлэж болох л асуудал.

Өнөөдөр Монгол хүн бүр ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн дарамтанд өртөж, сэтгэл санааны гүн хямралтай болсон цаг. Ийм нөхцөлд цагдаагийн байгууллагад сэтгэл зүйчийн ажлын байрыг нэмэгдүүлж, албан хаагчдынхаа сэтгэл зүйн өөрчлөлтийг хянах тогтолцоог ч бий болгох шаардлагатай юм. 

Амиа алдсан аавын хөвгүүдийг алагчлан үзэх нь хүн ёсны гажуудал биш гэж үү!!!