Нийслэлийн удирдлагуудын гаргасан нэгэн шийдвэр иргэдийг гайхшрал, бас эргэлзээ, цаашлаад эсэргүүцэлтэй нүүр тулгаж байна. Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг нь яах арга үгүй Авто замын түгжрэл.
Энэ асуудлыг шийдэх гэж хот, замын цагдаа, иргэн бүр л санаа чилээж, бодол уралдуулж байна. Гэхдээ хэн хэнийхээ эрх ашгийг дээдэлсэн, хэрэгцээ шаардлагад нийцсэн шийдвэр гаргаж гэмээнэ энэ зөв алхам болно.
Гэвч Нийслэлийн удирдлагын гаргасан нэгэн шийдвэр зөвхөн ажил хийж харагдах гэсэн хийрхэл, асуудлыг ул суурийг хараагүй, тооцоо судалгаа муутай, улс төрийн шоу болсон олон иргэн, аж ахуйн нэгжийг хохироосон шийдвэр болчихжээ. Энэ бол түгээлтийн авто машиныг өдрийн цагаар авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тухай юм.
2018 оны 11 сарын 01 өдрөөс эхлэх уг шийдвэр нь өнөөдөр худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн толгойны өвчин, үйлдвэрлэгч нарын тооцоо судалгааны ажил болон хувирчээ.
Улаанбаатар хотод зөвхөн 8 нэрийн тодотголтой 8000 орчим дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр дэлгүүр нь томоохон үйлдвэрлэгч нарын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг зээлээр авч, борлуулалтынхаа дараа тооцоо хийдэг зарчимтай.
Нөгөө талд нь дэлгүүрийг хэн ажиллуулж, хэдэн ажлын байр бий болгож байна вэ? Дэлгүүрийн 80 орчим хувийг гэр бүлийн хоёр хүн ээлжлэн ажиллуулж,өрх гэрээ тэжээх, өл залгуулах ажлын байраа болгон амьдарч байна. Харин үлдсэн 20 хүрэхгүй хувь дээр нь тэтгэвэрт суусан, 40-ээс дээш насны ажлын байр олдохгүй хүмүүс амь зуулга болгон уг замыг сонгосон байдаг. Тэд төр ажлын байр гаргаж өгөх ёстой хэмээн эрхлэхгүй. Тэд төрөөс ажлын байр нэхээгүй. Харин ч бор зүрхээрээ зүтгэж, болгох гэж үүрийн таван жингээс үдшийн бүрий тасрах хүртэл борви бохис хийлгүй зүтгэж байна.
8 нэрийн гэх тодотголтой жижиг дэлгүүрийн 60 орчим хувь нь ажлын байрны түрээсээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн эдгээр иргэд нь ажлын байр, гэр хоорондоо 1 км-15 хүртэл км зайтай байдаг байна.
Энэ мэт зарим нэг тоог харах юм бол Нийслэлийн удирдлагууд нэг том шийдвэр гаргачихсан мэт таахалзаж суугаа түгээлтийн авто машиныг өдрийн цагт замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэх муйхарлал нь цаашлаад олон уршигтай гэдгийг харж болох юм. Тухайлбал:
Нэгд: 8000 мянган дэлгүүрт шинэ бараа, шинэ талх, шинэ сүү өглөө хэрэглэгчийн гар дээр байх баталгаа алга.
Хоёрт: 8000 дэлгүүр хэрэглэгчээ бодож шинэ талх, шинэ сүү авахын тулд шөнийн 01:00-06:00 цагийн хооронд заавал бараа хүлээн авах шаардлага тулгарч байна. Ийм нөхцөлд гэр бүлийн 2 хүн өдөржин ажил хийчээд шөнө нь бараагаа хүлээн авч чадах уу?
Гуравт: Хэрэв бараагаа шөнө аваагүй бол дэлгүүр болгон бараа татахын тулд өглөө, өдөр, орой гэхгүй замын хөдөлгөөнд суудлын авто машинтай оролцох нь байна.
Дөрөв: 8000 мянган дэлгүүрийн худалдагч нар шөнө дөлөөр замын хөдөлгөөнд оролцох болно. Тэдэнд аюулгүй үйлчлэх нийтийн тээвэр Улаанбаатарт алга. Үүнийг хэн хэрхэн шийдэх вэ?
Тав: 8000 дэлгүүр шөнө бараа хүлээн авдаг тусгай ажилтан авах уу? Ийм нөхцөлд түүний цалинг дэлгүүрийн эзэн шийдэхгүй. Барааны үнэ дээр нэмүү өртөг нэмж цалинг гаргана. Хэрэглэгч та бид л хохирч үлдэх нь байна
Зургаа: Өдөр нь тээвэрлэж түгээлтээ хийдэг байсан үйлдвэрлэгч нар ажлын байраа нэмэгдүүлж бас л барааныхаа үнийг нэмэх нь. 1150 төгрөг байсан талх дэлгүүрт худалдах үнэ нь 1700-1800 төгрөг болж өсөх болно хэмээн үйлдвэрлэгч нар хэлж сууна.
Долоо: Замын ачаалал бууруулах гэсэн шийдэл нь зам дээр илүү олон жижиг, суудлын тэрэгт хүнсний бараа ачсан болж хувирах эрсдэлтэй болох нь ээ.
Нийслэлийн удирдлага Улаанбаатар хотын авто замын ачааллыг 30 хувь бууруулах шийдэл нь түгээлтийн авто машиныг өдрийн цагаар хориглох гэж харсан. Гэтэл бодит тоо юуг өгүүлж байна вэ?
Улаанбаатар хотод бүртгэлтэй 502 мянган авто машин байна. Үүний 75 хувь нь суудлын авто машин. Харин 15 хувь нь ачааны авто машин гэж Авто тээврийн үндэсний төвд бүртгэгджээ.
502 мянган авто машины 200 гаруй мянган авто машин нь өдөр тутам замын хөдөлгөөнд оролцдог байна. Үүний дөнгөж 4 хүрэхгүй хувь нь түгээлтийн авто машин байдаг талаар Хүнсчдийн холбооны нөхөр тайлбарлалаа.
Тэгэхээр 4 хүрэхгүй хувийн бүрдүүлж байгаа авто машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байснаар 30 хувь ачаалал буурна гэдэг хийрхэлдээ цэг тавихгүй бол хэрэглэгчдэд хүрэх ёстой 1150 төгрөгийн талх 1700 төгрөг болох буруутан нь Нийслэлийн засаг дарга С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан нар болох нь байна шүү. Хийрхэлд хязгаар хэрэгтэйг улс төрчид санах хэрэгтэй.