Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ийнхүү мэдэгдэж байна. Өнөөдөр төрийн ордонд болсон МАН-ын бүлгийн хурал дээр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл олголт, түүнийг тойрсон маргааны асуудлыг хөндөн ярилцжээ.
Уг хэлэлцүүлгийн үед зарим нэг гишүүд өөрийгөө өмөөрч өмөлзсөн сураг чих дэлсэж байна. Хэт их улс төржүүлж, хийж бүтээж байгаа асуудлыг харлуулах гэж оролдлоо хэмээн ундуйцах гишүүн байсан гэнэ.
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд шалгалт оруулсан. Сангийн яамнаас томилогдсон ажлын хэсэг сарын хугацаанд шалгалтыг явуулна. Шалгалтаар хууль, журам зөрчсөн асуудал гарах юм бол зохих хариуцлагыг холбогдох албан тушаалтантай тооцох болно хэмээн мэдэгдсэн байна.
Одоогийн байдлаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Зам тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатар нарын нэр уг зээлээс авсан хэмээн ярианд өртөөд байгаа билээ. Тэдний хувьд хамаарал бүхий компани биш. Ямар нэгэн хэлбэрээр уг зээлийг авахад нь оролцоогүй хэмээн мэдэгдэж байгаа юм.
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлээс 134 компани жилийн 3 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай. Эхний 2 жил үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан. Зарим эх сурвалжийн өгүүлж байгаагаар бол 2018 онд зээлд хамрагдсан 134 аж ахуйн нэгжийн 122 нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, дэд сайд, Төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий этгээдийн компани зээл авсан хэмээн мэдэгдэж байгаа билээ.
У.Хүрэлсүхийн хэлж байгаа шиг хуулийн хариуцлага зөрчиж, албан тушаалаа урвуулан ашигласан хэн ч гэсэн хариуцлага хүлээнэ. Харин өндөр албан тушаалын нэр сүрээр далайлгаж, ёс зүйгээ зөрчиж нэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийг авсан бол яаж хариуцлага хүлээлгэх вэ?
Энэ л их ойлгомжгүй байна. Нэг үгээр хэлбэл эрхэм Ерөнхий сайд У.Хүрэлсүх та сайд нар хууль зөрчиж зээл аваагүй байна. Хамаарал бүхий этгээдийн компани нь төсөл бичиж, хууль, журмын дагуу шалгарч авсан байна хэмээн мэдэгдэх үү?
Угтаа бол УИХ-ын гишүүн, сайд гэдэг албан тушаалд очсон л бол түүний хамаарал бүхий этгээд, ойр төрлийн хэн нь ч гэсэн төрийн мөнгөнд шунах, түмний халаасыг тэмтрэх бизнесээс татгалзах ёс зүйтэй байх учиртай юм.
Түүнээс гарааны бизнес эрхлэх гэж байгаа ядарсан, зүдэрсэн ард олныхоо аз одоос хумсалж, албан тушаалын эрэмбээр арай л хэт тансаглах нь хууль биш, ёс зүй зөрчсөн үйлдэл гэдгийг санаж, хариуцлага тооцох арга хэрэгсэлдээ энэ талын ойлголтыг оруулж өгөх нь зүйн хэрэг болов уу?
Түүнээс хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр сайд нартайгаа хариуцлага тооцох боломж үгүй гэдгийг та ч мэднэ. Таныг шүүмжилж суугаа сэтгүүлч би ч мэднэ.
Сайд нар хууль зөрчөөгүй, харин ёс зүйн алдаа гаргасан байж болно шүү. Үүнийг л анхаарчихаарай даа эрхэм Ерөнхий сайд аа!!!!