Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэг өдрийн дотор хоёр цочирдом мэдэгдэл хийчихлээ.
Нэгд: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг чадамжгүй хэмээн үзэж өөрөө тарах тухай шийдвэр гаргахыг хүсч, зөвшилцөх саналаа УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барив.
Хоёр: 2018 оны 10 сарын 29 өдрийн орой С1 телевизээр Цензургүй яриа нэвтрүүлэгт орохдоо Хэрэв УИХ тарах тухай шийдвэр гаргахгүй бол Өлсөглөн зарлах болно хэмээн мэдэгдэв.
Улс төрийн Пи-Ар талаас нь харах юм бол эхний үйлдэл нь цаг үетэйгээ нийцсэн. Нөгөө талдаа нэг галыг унтарааж, нөгөөх дүрэлзүүлэх хэмжээний алхам байв. Өмнөх Ерөнхийлөгч нарын санаачилж, хэрэгжүүлж байгаагүй үйлдэл. Бас зоригтой шийдвэр байлаа. Гэвч...
Уг санаачлага нь улс төрийн хүрээнд эрчтэй яригдаагүй, тэрхүү санаачлагынхаа үр дүнг үзээгүй атал өөр нэгэн цочир мэдэгдэл хийхээр олон нийт, нийгмийн сүлжээ бодлого үгүй, эсвэл санаатай хэлсэн үгэнд ач холбогдол өгч, анхаарал бүхэн нь тэр үгийн зүг чиглэж, үйлдэл шаардах ёстой чухал асуудлыг мартах эрсдэлтэй юм.
Одоо хэн бүхэн Ерөнхийлөгч өлсөглөн зарлах тухай л ярина. Зарим нь Ерөнхийлөгч өлсөглөн зарлах боломжтой эсэх тухай. Нөгөө хэсэг нь Ерөнхийлөгч өлсөглөн зарлах юм бол дагаж намирах тухай л хүүрнэх учигтай.
Түүнээс Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ыг өөрөө тарах шийдвэр гаргах тухай, үндсэн шалтгаан, мөн чанар, хууль эрх зүйн чадамж, зохицуулалт зэргийг сонирхохгүй. Бас тэр талаарх яриа, хэлэлцүүлэг огт өрнөхгүй байдалд хүргэв. Хэн хүргэв. Ерөнхийлөгч хүргэв.
Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ эзэн болж чадах байж мэднэ. Гэхдээ түүний хэлсэн үг, хэрэгжүүлэх бодлого хоёр нягт уялдаатай байж, нэг нь нөгөөгөө үгүйсгэх улс төр байж үл болох юм. Энэ утгаар нь авч үзэх юм бол айлгах гэж аймаар үг хэлэх гэж байгаад үгэндээ өөрөө бүдэрчихлээ.
Ерөнхийлөгчийн гаргасан УИХ өөрөө тарах тухай шийдвэр гаргах зөвшилцөх албан бичигт хариу өгөхийн тулд 7 хоногийн дотор уг асуудлыг УИХ-аар авч хэлэлцэх учиртай. Ямар ч шийдвэр гаргах байсан хүн бүр Ерөнхийлөгчийн зарлах өлсөглөнг хүлээнэ. Бас тэр тухай л ярина. Тэгэхээр асуудлын мөн чанар оршиж байгаа УИХ-ыг тараах, УИХ-ыг тараах хууль эрх зүйн зохицуулалт, ямар нөхцөлд тарах ёстой хуулийн бичвэр, цаашид энэ асуудлыг хэрхэн сайжруулах, хариуцлагын тогтолцоог өөрчлөх гарц боломжийн талаарх яриа ингээд дууслаа.
Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай санал гаргаж, УИХ-ын даргатай зөвшилцдөг юм байна. Харин цааш нь өлсөглөн зарладаг юм байна гэх муйхар ойлголт олон нийтийн олонхид төрөх нь дээ. Харамсалтай.