Энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн багц хуулийн шинэчлэлийн дагуу иргэд төрийн үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй авна гэж ярьж, сурталчилж байна. Үнэхээр л тийм болсон юм болов уу гэтэл үгүй.
Хачир дээрээ Бүртгэлийн хууль иргэдэд ирэх төрийн дарамт, хүнд суртал, авлига өгөх хувилбарыг шигтгэж өгсөн гэхэд дэгсдүүлсэн болохгүй болов уу. Бүртгэлийн шинэ хууль 11 сарын 1-нд мөрдөгдөж эхлэхээс өмнө Дүүрэг, Нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийг олгох захирамж гаргасны дараа иргэд шууд газрын гэрээ, гэрчилгээ бичүүлээд авдаг байсан. Харин энэхүү боломж өнөөдөр хязгаарлагдаж, илүү олон шат дамжлагатай болчихов.
Тодруулах юм бол ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ хуулийн шинэчилсэн найруулгын 7 болон 28 дугаар зүйлийн дагуу эхлээд газрын алба захирамжийн дагуу материалуудаа бүрдүүлээд дундын мэдээллийн санд оруулна, Дараа нь 5 хоногийн дотор эх хувиар нь эд хөрөнгийн бүртгэлийн газар хүргүүлнэ. Түүний дараа улсын бүртгэгч бүртгэж баталгаажуулан “Г” дугаар өгнө. “Г” дугаарын гэрээ, гэрчилгээн дээр бичсэний дараагаар иргэнд гэрээ, гэрчилгээг өгөхөөр зохицуулагджээ. Хуучин байсан хялбар шийдлийг илүү төвөгтэй, утга учиргүй болгон өөрчилсөн гэсэн үг.
Уг хуулийн бас нэг хачирхалтай заалт бол Улсын бүртгэлийн газрын бүртгэгч тухайн захирамжийг бүртгэхээс ТАТГАЛЗАХ ҮНДЭСЛЭЛ байхгүй бол эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд мэдээллийг бүртгэнэ гээд заачихсан байх юм.
Нэг үгээр бол бүртгэгч татгалзвал таны газрын гэрээ, гэрчилгээг олгохгүй гэх үндэслэл ч үүсээд байна. Ингээд өмнө нь ганцхан газрын албыг харж суудаг байсан бол одоо дээр нь нэмээд улсын бүртгэгчийг царайчлах шаардлага үүсч байна. Нөгөө талдаа газрын гэрчилгээгээ гаргаж авахын тулд улсын бүртгэгчийг хахуульдаж, найрах бас нэг үе шат нэмэгдлээ. Иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлнэ гэсэн шийдэл нь тэгээд энэ үү?
Бас нэг эргэлзээтэй заалт байгаа юм. Засаг даргын гаргасан захирамжийг нэг улсын бүртгэгч хүчингүй болгох эрх зүйн зохицуулалт бий болжээ. Уг нь засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрх бүхий этгээд нь засаг дарга өөрөө, эсвэл дээд шатны засаг дарга байдаг биш билүү. Гэтэл Засаг дарга иргэний хүссэн газрын өргөдлийг хянаж захирамжаа гаргахад улсын бүртгэгч бүртгэхгүй гэвэл нөгөө Засаг даргын эрх хэмжээ гэдэг ойлголт байхгүй болох нь байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын газрын гэрчилгээг олгоход бүртгэх хуулийн зохицуулалт нь иргэдийг чирэгдүүлсэн, нөгөө талдаа төрийн албан тушаалтны эрх хэмжээг зөрчсөн хууль болжээ гэж мэргэжлийн хүмүүс шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Нөгөө талдаа хүнд суртал, авлига, хээл хахуулийг өөгшүүлсэн зүйл заалттай байна гэдгийг хууль тогтоогч нар анхаарах ёстой юм.