Аз жаргалтай хотыг бий болгох ажил 86 хувийн биелэлтэй гэсэн худал тоог НИТХ дахь АН-ын бүлэг шүүмжиллээ
НИТХ-ын ээлжит 19 дүгээр хурлаар хэлэлцүүлж буй
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 хөгжүүлэх
үндсэн хэрэгжилтийн явцад хийсэн
Ардчилсан намын бүлгийн дүгнэлт
2018.11.02 Улаанбаатар хот
Эрхэм Нийслэлчүүд ээ, эрхэм төлөөлөгчид өө, та бүхэндээ дэлхийн хотуудын өдрийн мэнд дэвшүүлье.
Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааны 66 хувийн биелэлтийг илэрхийлэх үйл ажиллагааны хэрэгжилтийн явцыг өнөөдөр та бид дүгнэн хэлэлцэж байна. НИТХ дахь АН-ын бүлэг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг тал бүрээс нь нухацтай хэлэлцлээ.
Та бидний дүгнэж буй Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн явц 86,7 хувийн биелэлттэй мэт харагдаж байгаа ч Засаг даргын мөрийн хөтөлбөрийн зорилгыг биелүүлээгүй байна.
Харин “Эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна”, “Ажлын хэсэг байгуулж байна”, “Санамж бичиг байгуулан ажиллаж байна”, “Үе шаттай хэрэгжүүлж байна”, “Хийхээр ажиллаж байна, “Эрх зүйн орчныг боловсруулахаар бэлтгэж байна”, “Тендер зарлах шатанд явж байна”, “Сургалт зохион байгууллаа” гэх зэрэг өгүүлбэрийн түвшинд хэрэгжсэн байна.
Тайланд зарцуулсан төсвийг тусгаагүй, үр дүн, үр нөлөөг ялгаагүй, огт эхлүүлээгүй, цаасан дээр ч цэг тавиагүй ажлуудаа “үр дүнг тооцох боломжгүй” гэж дүгнэсний үндсэнд 86,7 хувийн биелэлттэй үр дүн гарчээ.
Гэвч энэ тоо, эдгээр өгүүлбэрүүдийг 86,7 хувийн өндөр биелэлттэй цаасан дээр тавьсанаар нийслэлийн хөгжлийг илэрхийлж чадна гэж бид үзэхгүй байна.
Нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжил бодит байдал дээр хэрхэн хөгжсөнийг та бүхний дэвшүүлсэн 5 зорилтын хүрээнд цөөхөн жишээн дээр дурдья.
- Эдийн засгийн өсөлт – өрх бүрт бодлого
Хотын удирдлагууд иргэдийн орлого өссөн, амьдрал сайжирсан, ажилгүйдэл буурсан эдийн засгийн өсөлт өрх бүрт хүрч байна хэмээн Эдийн засгийн өсөлт –өрх бүрт бодлогын зорилт 87,7 хувийн биелэлттэй дүгнэжээ. Харин амьдрал дээр айл өрхийн бодит орлого өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 2.8 хувиар буурсан байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, жирийн иргэдийн худалдан авах чадвар муудаж байна. 500 мянган төгрөгийн цалинтай нэг багшийн орлогыг доллараар шилжүүлж бодоход 2016 оны 10 сарын байдлаар 216 доллар байсан бол 2018 оны 10 сарын байдлаар 193 доллар болж орлого нь буурсан байна. 2016 онд А92 бензин 1730 төгрөг байсан бол 2018 онд 2010 төгрөг болсон нь өрх бүрийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна.
Ажилгүйдэл бууруулсан гэж үзэж байгаа ч бодит байдал дээр 20-24 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлт 43,6-аас 38,7 хувь, 25-29 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлт 66,8-аас 64,6 хувьд хүрч буурсан байна.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилт та бүхний дүгнэсэн шиг 100 хувь биелээгүй байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг олгож, үйлдвэрлэл хөгжүүлсэнээр үр дүнг тооцох ёстой болохоос биш, нэг ч төгрөгийн зээл гаргаагүй, журам боловсруулсаны төлөө зорилт 100 хувь хэрэгжсэн гэж үзэх үндэсгүй юм. Өнөөдөр жижиг дунд үйлдвэрийн зээлд зориулах ёстой байсан 3 тэрбум төгрөг иргэддээ хүрч, чадахгүй буцаагдаж байна.
Эмээлт, Налайх, Багануур, Багахангайн үйлдвэрлэл технологийн паркуудтай болох ажил өмнөх удирдлагын үеийнхээс хөдлөөгүй, хөрсөн дээр очоогүй байна. 3 жил дараалан эхлүүлнэ, хөрөнгө оруулалтыг татна, ТЭЗҮ боловсруулна гэсэн нэг агуулгатай өгүүлбэр болж үлдсэн байна.
- Хот байгуулалт, дэд бүтцийн бодлого
Хот төлөвлөлт, дэд бүтцийн бодлогыг хэрэгжүүлэх 94 ажил төлөвлөж хэрэгжүүлсэн нь 81,3 хувийн биелэлттэй гэж дүгнэсэн байна.
Гэтэл нийслэлийн хүн амын 57 хувь нь амьдарч буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр 2 жил тодорхой санаачилга гаргасангүй.
Ахмадууд орон сууцанд орох дарааллаа хүлээсэн хэвээрээ байна. Нийслэлийн ахмадуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2013 он “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, ахмадын орон сууц барьж ашиглалтад оруулан, жил бүр ахмадуудыг орон сууцанд хамруулж байсан бол энэ 2 жил шинэ барилга баригдсангүй, ахмадууд орон сууцанд орсонгүй.
Түгжрэлгүй гудамж, бухимдалгүй хот зорилт тавьсан ч автозамын түгжрэлийг бууруулахад шийдвэрлэх үүрэгтэй “BRT” төслийг 2017, 2018 онд хөдөлгөсөнгүй. Нийтийн тээврийн парк шинэчлэл хийх санал санаачилга гаргаагүй байна. Автозамын шинэчлэлийн ажлууд өнөөдрийг хүртэл дуусаагүй байна. 250 сая төгрөгөөр 2 км дугуйн зам барих ажил он дуусч байхад 50 хувьтай байна. Төмөр замын сүлжээг нийтийн тээвэрт ашиглаж зорилт 0 хувтай байна.
Автозамын түгжрэлийг бууруулахаар та бүхний гаргасан шийдвэр эргэн цуцлагдаж байна. Мэргэжлийн судалгаагүй, иргэний талаас бодолцоогүй зүүн эргэлт, түгээлтийн автомашиныг хориглох зэрэг алдаатай шийдвэрүүд түгжрэлийг бууруулах биш, харин нэмэгдүүлсэний эцэст цуцлагдаад байна.
Такси үйлчилгээг хөгжүүлэх 700 сая төгрөгийг төсөвлөсөн ч бодитой ажил хэрэг болоогүй байгааг бид харж байна. Дэлхийн хотуудын жишигт 1000 хүн тутамд 3-4 такси ногддог бол манай 2000 хүнд 1 такси ногдож байна.
- Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого
Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогыг 88,2 хувиар хэрэгжлээ гэж дүгнэсэн байна.
Нийслэлийн орчны бохирдлыг бууруулах, байгаль орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэл үйлчилгээг сайжруулах, хог хаягдлыг ангилах, боловсруулах, худалдан авах менежмент хийх ажлууд хэтэрхий удааширч байгааг бид харж байна. Нийслэлийн хөрсний 88 хувь нь бохирдолтой, эвдрэлтэй байна.
Хот тохижилтийн зардалд нийслэлийн төсөв хөрөнгийг харамгүй тавьж байна. 2016 онд 23 тэрбум төгрөгийг хот тохижилтын ажилд зарцуулж байсан бол 2018 онд 40 тэрбум төгрөгийг төсөвлөж зарцуулсан. Харин өнөөдөр стандарт нэвтрүүлэх ажлыг эхлүүлнэ гэдэг заалтууд байна. Төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагааны чадавхийг сайруулна, нийтийн эзэмшлийн зам талбайд цэвэрлэгээ, төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагааны чадавхийг сайжруулах зорилтууд 100 хувь хэрэгжсэн гэх боловч бодит байдал ямар байгааг нийслэлчүүд өнөөдөр харж байна.
- Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого
Хүний хөгжлийг хангах нийгмийн бодлогыг хэрэгжүүлэх 122 ажлыг 91,5 хувиар биелүүлсэн гэж дүгнэлсэн байна. Бодит байдал өөр байна.
Нийслэлийн хүн амын 32 хувь нь хүүхэд боловч хотод хүүхдийн эрүүл мэндийн төв нэг ч байхгүй байна. Агаарын бохирдолд хамгийн их өртөж байгаа нь хүүхдүүд байна. Хүүхдэд хүрэх нийгмийн үйлчилгээ хүрэлцээгүй байна. Хүүхдийн төлөө байгууллагууд хүрэлцээгүй төсвийн хүрээнд бүгдийг шийдэх боломжгүй байна. Дэлхийн хотууд хүнд ээлтэй, хүүхдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэн уралдаж байхад манай хот сонгуулийн 4 жилийн сүүлийн хугацааг хүлээж байна.
2018 онд барихаар төлөвлөсөн 52 цэцэрлэг, 34 сургууль дөнгөж 3 сургууль ашиглалтад орсоныг тайланд дурдсан байна. Хүн ам нь өдрөөс өдөрт нэмэгдэж буй хотод нийгмийн үйлчилгээг жил бүр тэгш хүртээх ёстой гэж бид үзэж байна.
Мөн нийслэлийн иргэдийн эрүүл мэндийн асуудал бодлогын алдаатай байна. Түргэн тусламжийн үйлчилгээ хурдан очоогүйн улмаас улсын хэмжээнд 3400 орчим хүн нас бардаг. Үүнээс 2400 нь нийслэлд нас бардаг байна. Түргэн тусламжийн үйлчилгээг шинэчлэн, дуудлага 20 минутанд багтаж очих, автомашины парк шинэчлэлийг хийнэ гэсэн зорилт байгаа боловч бодитоор парк шинэчилсэн, үйлчилгээ сайжирсан үзүүлэлт алга байна. Хүн амын нас баралтын 2-р шалтгаан болж буй хавдар, тэр дундаа ходоодны хорт хавдар, 3-р шалтгаан болсон осол гэмтлээс хамгаалах эрүүл мэндийн үйлчилгээг хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлогын хүрээнд нийслэлд нэвтрүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.
- Засаглалын бодлого
Засаглалын бодлого зорилтод тусгагдсан 58 ажил 82 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэсэн байна. Гэтэл дүүргүүдэд нийт есөн орлогч байх ёстой байтал 14-өөр нэмэгдүүлж 23 болгосоныг аудитын байгууллага дүгнэжээ. Данхар бүтэцтэй, дарга нар олонтой ч иргэндээ үйлчилдэг албан хаагчид нь цөөн байна.
Иргэддээ үйлчилдэг ухаалаг төрийн үйлчилгээ, оновчтой бүтэц, хариуцлагатай албан хаагч гэх сүржин нэртэй зорилтууд цаасан дээрээ үлдэж, бодит байдал дээр хэрэгжихгүй байгааг аудитын байгууллагын дүгнэлтүүд гэрчилж байна.
Засаглалын гол зарчмын нэг ил тод байдал бүрэн алдагдсан байна. 2015-2017 оны төсвийн 3 тэрбум 737 сая 600 мянган төгрөгийг үр ашиггүй зарцуулсаныг Аудитын дүгнэлт илэрхийлж байна. Нийслэлийн Засаг даргын А, Б тушаалуудыг бүгдийг нь нээлтэй байршуулахгүй байна. Шилэн дансны хөтлөлт хангалтгүй байна. Тушаал шийдвэрүүдээ олон нийтээс нууцалдаг болсон байна.
Удирдах албан тушаалтнуудад хариуцлагагүйн зуд нүүрлэсэн байна. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэх явцад Нийслэлийн Засаг даргын орлогч нар өөрсдөө ч асуудлыг ойлгоогүй, бодит мэдээлэлгүй, мэргэжлийн байгууллагаасаа ялгаатай мэдээлэл өгч байсан нь засаглалын бодлого хэрхэн алдагдсаныг илэрхийлж байна.
Дүгнэлт
Энэ бүхэн бол өнөөдрийн нийслэлийн хөгжлийн бодит үнэн. 2017, 2018, 2019 онд Нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан ажлууд нь 3 жил дараалан “Эхлүүлнэ” гэсэн зорилттой давхардсан байна. Тухайлбал Үндсэн чиглэлийн томоохон 20 орчим зорилт 3 жил дараалан “эхлүүлэх” агуулгатайгаар үндсэн чиглэлд тусгагдаж, 100 хувиар биелжээ.
Та бүхний 2,5 жилийн хөдөлмөр 86,7 хувиар дүгнэгдэх түвшинд өндөр үнэлгээ авахааргүй “ХАНГАЛТГҮЙ” байна.
Эрхэм дарга нар аа,
Та бүхэн 2 жилийнхээ ажилд дүгнэлт хийж, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг тодорхой төсөвтэй нь тайлагнаж, үр дүн гараагүй ажлыг “үнэлэх боломжгүй” биш, бодитоор нь “хэрэгжээгүй” гэж хэлж чаддаг болох шаардлагатай гэж бид үзэж байна.
Тоон мэдээллээр биенээ хуурах бус, зорилго биелсэн эсэхээ өөрөөсөө асууж, ажил хийх арга барилаа шинэчлэн, хандлагаа өөрчлөхийг та бүхэнд уриалж байна.
Энэ өөрчлөлтийг та бүхэн өөрсдөөсөө эхлүүлэхгүй бол нийслэлийг хөгжүүлнэ, иргэндээ үйлчилнэ гэж хэлэх эрх нийслэлийн удирдлага та бүхэнд байхгүй байна.
Нийслэлийн хөгжлийн төлөө хандлагаа өөрчилцгөөе.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ДАХЬ
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ