Нийгмийн сүлжээнд санаачлагдсан жагсаал өнөөдөр зохион байгуулагдлаа. Шатахууны үнийг эсэргүүцсэн иргэд нийгмийн сүлжээнд бухимдлаа илэрхийлж, эсэргүүцлийн цуглаан зохион байгуулах талаараа санал бодлоо хуваалцаж байсан билээ. Энэхүү санал санаачлага нь ажил хэрэг болж, өнөөдөр авто машинтай жагсаалыг зохион байгуулсан юм.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэр дээр иргэн Б.Цэгмэдээс шатахууны үнийн нэмэгдэл ард иргэдийн амьдралд хүндээр тусч байна. Нефть импортлогчид шатахууны нэмэгдлийг яаралтай бууруулах ёстой. Үүнийг шаардаж 300 автомашинтай иргэн жагсаал, цуглаан зохион байгуулах хүсэлтээ илэрхийлжээ. Хүсэлтийг хүлээн авч жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд заасны дагуу нийгмийн хэв журамд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох, төрийн байгууллагад аливаа дарамт шахалт үзүүлэх, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцох, хуулиар хориглоогүй зорилгоор анх зохион байгуулагдсан жагсаал цуглааны явцад түүний зорилго өөрчлөгдөж дээр дурдсан агуулга шинжтэй болбол жагсаал цуглааныг цаашид үргэлжлүүлэхийг хориглоно гэдгийг анхааруулан албан бичигт хариу өгчээ.
Ийнхүү зөвшөөрөл авсан авто машинтай иргэд өнөөдөр жагсаал зохион байгууллаа. Приус голдуу авто машин унасан иргэд уриа лоозонгоо авто машины хамар болон бусад хэсэгт байрлуулан эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Шатахууны үнэ сүүлийн хэдэн сарын дотор 300-400 төгрөгөөр нэмэгдээд байна. Дизель түлшний үнэ хоёр сарын өмнө 2125 төгрөг байв. Харин өнөөдөр уг үнэ 2350 төгрөг болжээ. Хамгийн өргөн хэрэглээний шатахуун болох АИ92 бензиний үнэ сарын өмнө 1820 төгрөгөөр худалдаалагдаж байгаад өнөөдөр 1980 төгрөг болоод байна. АИ95 бензиний үнэ 2160-аас 2330 төгрөг болж өссөн юм. Өнөөдрийн жагсаалд оролцогчид шатахууны үнийг 1500 хүртэл буулгах шаардлага тавьж байна.
Жагсаалыг зохион байгуулагч Б.Цэгмэд: Тав хоногийн турш талбайг 07-11 цагийн хооронд тус бүр гурван удаа тойрно. Өнөөдөр бол зөвхөн нэг эгнээг хаагаад жагсаал хийж байна. Жагсаалд оролцогчид нэмэгдэх юм бол нэмж эгнээнүүд хаагдах болно. Приус эзэмшигчдийн нэгдсэн группийн хамт олон өвөл жагсаал хийсэн. Тэгэхэд өвөл нэгдүгээр сард долоон хоног жагсаж АИ-92 бензиний үнийг тогтоон барьсан. Бидний зүгээс найман шаардлага тавьж байгаа. Бид Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхтэй л уулзмаар байна.Бид Засгийн газрын тэргүүнтэй уулзах хүртэл жагсаалаа зогсоохгүй хэмээн мэдэгдлээ.