М.Энхболд ямар гавьяа, хэзээ яаж, хэрхэн байгуулсан вэ? 2016 оны сонгуульд МАН-ын сөрөг хүчнээс эрх баригч нам болсон. Энэ гавьяаг УИХ-ын дарга М.Энхболд үүрэхийг хүсч байгаа нь дамжиггүй. Түүнтэй хамаатай нь үнэн. Гэхдээ тэр эрийн сайндаа, сөрөг хүчний сайн удирдагч байсандаа 65 суудлыг МАН авчихсан хэрэг биш.
2012-2016 онд эрх барьж байсан АН-ын буруу бодлого, Ард олныг талцуулсан байдал, Сонгуулийн хуульд гар дүрсэн увайгүй үйлдэл зэрэг нь 2016 оны сонгуульд МАН-ыг ялалт байгууулахад нөлөөлсөн гэдгийг улс төр судлаачид ам уралдан ярьдаг билээ.
2016 оны сонгуулийн дараа Э.Бат-Үүл: Бор халзан хонь ч байсан МАН-ын нэр дээрээс дэвшсэн бол сонгогчид сонгох байлаа гэсэн гомдлыг үг унагаасан нь учиртай. Үүний цаана 65 суудал авсан МАН сайн байсандаа биш, Харин эрх баригч АН муу байсан учраас л ялалтын буухиа МАН талд эрргэсэн гэдгийг магадлаж өгсөн алхам байлаа.
М.Энхболд гэдэг улс төрч МАН-д гавьяа авчирсан бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ногоон гэрэл, цагаан шугамаар ялалт байгуулах байв. Гэтэл харин ч ялагдал хүлээж, жилийн өмнө мандуулсан намынхаа ялалтын тугыг бөхийлгөх нь тэр.
М.Энхболд гэдэг хүн Монгол улсын нутаг дэвсгэрт босч барилдах улс төрч биш юм байна гэдгийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль батлан харуулсан билээ. Өнөөдөр ч УИХ-ын дарга М.Энхболд гэдэг хүн олон төрлийн санал асуулгаар үйл ажиллагаа нь таалагддаггүй 10 улс төрийн нэгээр тодорч явна. Түүнээс юу хүлээх билээ.
20 жил МАН дотор фракц байгуулж, 20 жил МАН-ын бялуунаас хүртэж, 20 жил МАН-ыг хувалз мэт идсэн эрхмийн нэг бол яах арга үгүй М.Энхболд. Түүний толггойлдог хотын фракц гэдгийг МАН-ын эгэл жирийн гишүүдээс эхлээд өнөөдөр намын байгууллагад ажиллаж байгааа албан хаагч нар нь хэлж байна.
Намдаа хунтайж, угсаа залгамжлах хан хөвгүүдийг төрүүлсэн. Хувилдаж, хувааж, албан тушаалаар наймаалцаж, 60 тэрбум төгрөгийг босгох ярианд оролцсон гэхээс өөр сайрхаж ярих, сайлж хэлэх үг энэ хүнд байна уу?
Өнөөдөр ч албан тушаалтайгаа зууралдаж үлдэхийн тулд УИХ дахь МАН-ын бүлгийг 2 хувааж, талцал, тэмцэл гэдгийг өрнүүлж, улс орны эрх ашиг бус амин хувийн эрх ашиг нэгд гэх утга бүхий үйлдлийг түүний фракцынхан гаргаж эхэллээ.
Угтаа бол улс төрч хүн хувийн эрх ашгаа хойш тавьж, улсын эрх ашгийг нэн тэргүүнд тавих ёстой. Гэтэл хотын гэх тодотголтой фракцынхан Амин хувийн эрх ашиг, албан тушаалын хонзогнолоо эхэнд тавьж, намынхаа нэр хүндийг шороотой хутгаад ч хамаагүй албан тушаалтайгаа үлдэхийг илүүд үзэж байна.
Өндөр хүлээлттэй ажил авсан У.Хүрэлсүх чухам будилааны эзэн мөн үү?
Амь насаа алдахаас айхгүй хэмээн аархаж гарч ирсэн У.Хүрэлсүх хүлээлтэнд хараахан хүрээгүй л байна. Гэхдээ тэр бас ч гэж хоосонгүй. Хэлж байгаа үг, хэрэгжүүлж байгаа бодлого, ярьж байгаа бодлого, явуулж байгаа зарчим зэргээс нь харах юм бол түүнээс хүлээх хүлээлт хараахан талаар болчихоогүй байна.
Сайд нар ЖДҮ-ийн сангаас зээл авсан, гишүүд ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэдэг бол энэ засагт наалдах ёстой бараан сүүдэр мөнөөс мөн. Гэхдээ энэ бараан сүүдрийг өөрсдөө наахгүйгээр зугтахгүйгээр дайран ажиллаж, дайчлан зүтгэх үүрэг нь эрхэм цэргийн хүмүүн У.Хүрэлсүхэд байгаа.
У.Хүрэлсүх эхний удаад ЖДҮ-ийн сангийн зээл олгосон Б.Батзориг сайдыг чөлөөлөв. Сайн л байна. Харин одоо үлдсэн сайд нар, өмөлзөж суугаа гишүүдтэй хатуухан хариуцлага тооцох нь зөв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: ЖДҮ-ийн сангаас зээл авсан гишүүд ард иргэдээс уучлал гуйхгүй бол 2020 онд нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдсэн. Энэ бол улс төрийн попролт мэт боловч, уггтаа бол ЖДҮ-тэй хариуцлага тооцох эрмэлзэл түүнд байгаааг илтгэв.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг ЖДҮ-ийн сангийн зээлийг шалгаж байгаа. Үүний дараа засгийн газар ямар арга хэмжээ авахаа мэдэгдэнэ хэмээсэн нь хүлээлтийг бий болгоод байна.
У.Хүрэлсүх намын даргын хувьд зормиг шийдвэр гаргаж Нийслэлийн засаг дарга С.Батболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нартай хариуцлага тооцохоор шийдэв. Үүнд нь ундуйцсан хотын фракцынхан У.Хүрэлсүхийг огцрууулах гэж улайрч эхэллээ.
УИХ дахь бүлгийн даргын суудалгүй бол айлгадаг, огцруулна хэмээн сүрдүүлдэг зарчимгүй үйлдэл Д.Хаянхярваа гишүүнээс гарав. Үүнийг өөгшүүлж, өрвөлзөж, гарын үсэг зурах нь гишүүдийн хувьд 2020 оныхоо төөрөг тавиланг эртнээс үгүй хийж байгаа үйлдэл гэхэд болно.
Итгэсэн бол итгэсэн шиг итгэж, өгсөн итгэлийнхээ үр дүнг үзэх цаг хугацааг олгож, зоригтой шийдвэрийг нь гаргуулахын төлөө шахаж ажиллах нь МАН-ын гишүүдийн магнайд зурайх ёстой болохоос У.Хүрэлсүхээс салж, улсаа хөгжүүлнэ гэсэн худал хуурмагт өнөөдөртөө итгэх хэрэг алга.
М.Энхболдын толгойлдог хотын фракцын улайрал үнэн хэрэгтээ улс орны эрх ашиг бус У.Хүрэлсүхэд алдсан эрх мэдлээ эргүүлэн авахад л чиглэж байна. Жингийн туухай дээр гаргаад тавих юм бол 20 жил хувалз мэт идсэн М.Энхболдоос илүү гудамжинд тэмцэж, намынхаа шатаасан тугыг намируулж явсан У.Хүрэлсүхэд олгосон боломжоо дахиад нэг итгэлээр өгөх нь зүйтэй байлгүй дээ.