ЖДҮ-ээс хамаарал бүхий компаниараа зээл авсан Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ажлаа өгөхөөр боллоо
Улсын Их Хурлын дарга М.Энхболд Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг өрөөндөө дуудан уулзаж, албан тушаалаа өгөхийг шаардлаа. УИХ-ын дарга М.Энхболд ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих зориулалттай, иргэд, жижиг аж ахуй эрхлэгчдэд зориулсан зээлээс төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан их хэмжээгээр авсан асуудлаар иргэд, олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Үүнийг та ч бас мэдэж байгаа. Зээл авсан төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж, жагсаал цуглаан зохион байгуулагдаж байна. Мөн хариуцлага тооцохыг шаардсан бичиг, хүсэлт их ирэх боллоо. Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанид их хэмжээний зээл авсан байж болзошгүй үйлдэл гэж үзэж байна. Тэр дундаа УИХ-ын дэргэдэх байгууллага Үндэсний аудитын газрын дарга Таны нэр ЖДҮ-ийн сангаас зээл авсан өндөр албан тушаалтны тоонд нэр тань холбогдсон. Тиймээс Та хариуцлага хүлээх ёстой. Би Таныг энэ албан тушаалыг хаших ёс зүйн эрхгүй гэж үзээд өргөдлөө өгөхийг шаардаж байна гэсэн байр суурийг УИХ-ын дарга М.Энхболд илэрхийлсэн юм. Үндэсний аудитын газрын дарга, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар хамаарал бүхий компани, авсан зээлийнхээ талаар товч тайлбарлаад, иргэд олон түмний болон Таны шаардлагыг хүндэтгэж байна. Ойрын үед өргөдлөө өгөх болно гэдгээ мэдэгдсэн юм.
Хэрэв Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх юм бол түүний хүсэлтийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх учиртай.