ЖДҮ-ийн хариуцлагын асуудал дээр М.Энхболд түрүүлж хөдөлж У.Хүрэлсүх хоцорч эхэллээ.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан 13 өндөр албан тушааалтангийн нэр тодорхой болоод байгаа билээ. Өнөөдрийн байдлаар уг асуулалд нэр холбогдсон ХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт л хариуцлага тооцож, сайдын суудлаас нь огцруулаад байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн эрх мэдлийн хүрээнд сайдтайгаа хариуцлага тооцож, асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэн шийдүүлсэн билээ. Харин үүнээс хойш Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээл авсан гишүүн, сайдтай хариуцлага тооцох тухай түр намжаад байсан юм.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа энэ сарын 12-нд ЖДҮХС-гийн зээлийн асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлсэн билээ. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн зүгээс УИХ-ын дарга М.Энхболдод дараахь шаардлагуудыг тавьсан юм.
- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн болон хамаарал бүхий этгээдийнхээ компанид зээл авч өгсөн, зуучилж нэр холбогдсон гишүүдийн ёс зүйн асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэн дүгнэлт гаргаж, ёс зүйн хариуцлага тооцох;
- Тус сан болон Засгийн газрын тусгай сангуудыг шалгах ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооноос яаралтай байгуулж, дүгнэлт гаргах;
- УИХ-аас томилогддог төрийн өндөр албан тушаалтнуудаас өөрийн хамаарал бүхий компанидаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авч зуучилсан бол түүнд хариуцлага тооцож, огцруулах;
УИХ-ын дарга М.Энхболд дээрх шаардлагын дагуу ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлэхийг тус дэд хорооны дарга С.Бямбацогтод үүрэг болголоо. Мөн энэ асуудалтай холбогдуулан Засгийн газрын тусгай сангуудыг шалгах ажлын хэсэн байгуулах үүргийг Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнд өгөв.
УИХ-ын дарга М.Энхболд Жижиг дунд үйлдвэрийн сангаас зээл авсан гэх өндөр албан тушаалтантай хариуцлага тооцох ажлыг өчигдөр эхлүүлсэн билээ. УИХ-ын харьяанд хамаардаг Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарт ажлаа өгөх үүрэг өгсөн. Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ч ажлаа өгөхөө мэдэгдсэн билээ.
Харин энэ хооронд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд ЖДҮ-ийн сангаас зээл авсан өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцох талаар яриа гаргасангүй. Бас бодитой ажил санаачилсангүй ээ.
Одоогийн байдлаар ЖДҮ-ийн сангаас өөрийн хувьцаа эзэмшдэг компани болон хамаарал бүхий этгээдийн хувь эзэмшдэг аж ахуйн нэгжээр дамжуулан зээл авсан гэдэг нь ил болоод байгаа ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг, Мөн саяхан томилогдсон нэгэн сайд, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Н.Учрал, О.Батнасан, Г.Солтан, Х.Болорчулуун, Н.Оюундарь, Б.Ундармаа, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн, А.Сүхбат нар. Мөн төрийн өндөр албан тушаал хашдаг ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УБЦТС ТӨХК-ийн захирал Д.Баярсайхан, Ерөнхий прокурорын орлогч Д.Амгаланбаатар, МХЕГ-ын байцаагч Ш.Хонгорзул, Төрийн өмчийн бодлого зорицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гэх мэт эрхмүүдийн нэр гараад байгаа билээ.
Ийнхүү ЖДҮ-ийн сангийн зээлээс өөрийн хувь эзэмшдэг болон хамаарал бүхий этгээдийн компанид давуу эрх олгон зээл олгуулсан байж болзошгүй УИХ-ын гишүүдтэй ёс зүйн хариуцлага тооцохоор УИХ-ын дарга М.Энхболд хөдөлж эхлэв.
Үүний цаана Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хамгаалах зарим нэг кнопыг айлгах гэсэн санаа давхар нүүж байгаа нь дамжиггүй ээ.
Харин Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-ийн сангийн зээлдэгч хэмээх нэр зүүсэн эрхмүүдтэй хариуцлага тооцох, эс тооцох гэдэг шахаан дунд хэрхэхээ бодон суух хооронд өрсөлдөгч нь түрүүлж нүүгээд эхэлчихлээ.
Тоглоом дөнгөж эхэлж байна.