“ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2018” ТЭМЦЭЭНД ЦАГДААГИЙН ДЭСЛЭГЧ Б.ДОЛГОРСҮРЭН ТҮРҮҮЛЛЭЭ

“ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2018” ТЭМЦЭЭНД ЦАГДААГИЙН ДЭСЛЭГЧ Б.ДОЛГОРСҮРЭН ТҮРҮҮЛЛЭЭ

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас ЦДЦСНТ-ийн “Нарстай” дахь хээрийн сургалтын хэсэгт зохион байгуулсан “Хэсгийн байцаагч-2018” ажил мэргэжлийн тэмцээн хоёр өдөр үргэлжилж өнөөдөр /2018.11.17/ өндөрлөлөө.

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас ажил мэргэжлээрээ бусдыгаа хошуучлан “Хэсгийн байцаагч-2018” тэмцээнд оролцох эрх авч ирсэн 36 хэсгийн байцаагч мэдлэг, ур чадвар, авхаалж самбаа сорин өрсөлдсөнөөс Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Долгорсүрэн тэргүүлсэн юм.

Дэд байрт Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнх-Эрдэнэ шалгарч, Увс аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Тогтох гутгаар байр эзэллээ.

Мөн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, амжилт бүтээл гарган ажиллаж буй Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Наранчулууныг "Цагдаагийн гавьяа" тэмдгээр, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Үнэнзоригтыг ЦЕГ-ын Хүндэт жуух бичгээр шагнасныг НХЖХОНАБХА-ны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан гардуулан өглөө. 

Хэсгийн байцаагчид хууль, эрх зүйн мэдлэг, компьютер, мэдээлэл боловсруулах ур чадвар, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах сорил, албаны галт зэвсэг, биеийн хүч тусгай хэрэгсэл хэрэглэх ур чадвар, бие бялдрын бэлтгэлжилт зэргээр өрсөлдөж оюун ухаан, ур чадвараа уралдуулав.