УИХ дахь МАН-ын бүлгийн даргын суудлаас огцорсон Д.Хаянхярваа чанга дуугаар Засгийн газрыг огцруулах болно хэмээн мэдэгдсэн. Зарчим ярьж, хууль ярьж, бурууд хатуу шүүмжлэлтэй хандсны төлөө намайг огцрууллаа хэмээн байр сууриа илэрхийлж байсан түүний нүүдэл нь Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулах үйлдэл байв.
Д.Хаянхярваа гэдэг хүн ганцаараа шийдэж, тэр л хүссэн учраас Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барихаар албаан бланк дээрээ гарын үсэг цуглуулж эхэлсэн хэрэг биш. Харин түүний фракцынхан өөрсдийн эрх ашиг, албан тушаалаа хамгаалахын тулд Д.Хаянхярваагаар туг хийж, тулаанд орж байна.
М.Энхболдын толгойлдог хотын фракцын хувьд Нийслэлийн засаг дарга С.Батболд, УИХ-ын дарга М.Энхболд гэсэн 2 том суудал байна. Эдгээр суудлыг хамгаалах нь уг фракцын нэн тэргүүний ажил. Тэр дундаа УИХ-ын даргын суудлыг хамгаалж, М.Энхболдыг суудалтай нь үлдээх нь хотын фракцын хамгийн том ялалт байх болно.
2016 оны сонгуульд даналзаж гарч ирсэн энэ фракцын хүч суларч, эрх мэдлээ аажим алдсаар баайгаад өнөөдөр 2 том суудалтай л үлдсэн нь үнэн. Харин уг хоёр суудлынхаа аль нэгийг алдах эрсдэл тун өндөр. Бараг л 100% гэхэд болно. Иймээс л нийслэлийн засаг дарга С.Батболдыг огцруулах У.Хүрэлсүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, Харин УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахын тулд өргөдлийг нь өгүүлэх шахалтыг болиулах нь тэдний шийдэл болон хувирч байх шиг байна.
Энэ ч үүднээс өнгөрсөн хугацаанд Д.Хаянхярваагийн албан бланк дээрээ цуглуулж эхэлсэн Засгийн газрыг огцруулах албан бичиг өргөн барихад бэлэн болчлоо гэсэн мсж аажимдаа бүдгэрч эхэллээ. Харин түүний оронд ЖДҮ-ийн зээл авсан сайд, гишүүдтэй хариуцлага тооцох тухай ярих болов.
Д.Хаянхярваагийн энэ нүүдэл нь нэг талдаа өөрийн хүчийг нэмэгдүүлэх, нөгөө талдаа У.Хүрэлсүхийг буланд шахаж, өөрсдийн санаархалд хүрэх гэсэн нэг нүүдэл нь гэж болно. ЖДҮ-ийн зээл авсан 2 сайд, нэг дэд сайдын асуудал засгийн газар дээр яригдах болно. Нөгөө талдаа УИХ-ын 10 орчим гишүүний асуудал мөн л УИХ дээр яригдах болно. Энэ бүхний цаана У.Хүрэлсүхийг хамгаалж үлдэх кноп сөхөгдөх юм.
Ийм л учраас шууд Засгийн газрыг огцруулах албан бичиг УИХ-д өргөн барих нь М.Энхболдын талд ашиг үгүй. Харин ЖДҮ-ээр далимдуулан шахаанд оруулж, кнопын эрх мэдлийг өөрсдийн талд ашигтай байдлаар тусгах нь тэдэнд илүү хэрэгтэй хэмээх тооцоог хийж, тоо бодож суугаа бололтой.
М.Энхболдын фракцын төлөөлөл ч ЖДҮ-ийн асуудалд орооцолдсон. Гэхдээ тэднийг золигт гаргаж байж М.Энхболд суудалтай үлдэх нигуртай хэмээх зураглал буусан бололтой. Иймээс л энэ асуудалд илүү ач холбогдол өгч, зүтгэж эхэлсэн нь харагдах болов.
Өнгөрсөн өдрүүдэд М.Энхболд, Д.Хаянхярваа нарын хувьд У.Хүрэлсүхтэй тохиролцох гэж хоёр гурван удаа уулзжээ. Уулзалт бүртээ нэг л санал тавьсан гэх мэдээлэл байна. М.Энхболдыг өргөдөл өгүүлэх тухай яриа гаргахгүй. Нөгөө талдаа М.Энхболдын төлөөлөл болсон 2 сайдыг Засгийн газарт нэмж оруулах. Уг саналыг нь Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх тас цохиж, нарианд орохгүй гэсэн ганц үгээр л найр тавилгүй үдсэн сураг дуулдаж байна.
Энэ 7 хоногт ч Д.Хаянхярваа гишүүний албан бланк дээр зурсан Засгийн газрыг огцруулах тухай бичгийг УИХ-ын даргад өргөн барихгүй. Харин үүнийхээ оронд зөвшилцөх, тохиролцох гэдэг үгийг илүүтэй ашиглаж, санасандаа хүрэх нь зөв гэсэн байр суурийг хотын фракцынхан санал нэгдсэн мэдээлэл байна.
Пүрэв гараг хүртэл М.Энхболд, Д.Хаянхярваа нар Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй зөвшилцөх гэж зүтгэх болно. Үнэхээр болохгүй бол Засгийн газрыг огцруулах албан бичгийг өргөн барьж, дараагийн нүүдлээ нүүнэ гэжээ.
Хэрэв Засгийн газрыг огцруулах албан бичиг УИХ-д орж ирэх юм бол нэг л кнопын зөрүүгээр асуудал шийдэгдэх болно. Иймээс л тоо бодож, толгойгоо гашилгаж суугаа улс төрчид энэ 7 хоногт ч уг асуудалд л анхаарал хандуулах болохоос бусад асуудлыг үл тоох юм.