О.Содбилэг гишүүний хамаарал бүхий "НИК" ХХК 81.4 тэрбум төгрөгийг Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс авсан тухай
Н.Алтанхуягийн Засгийн газар, Монголбанктай хамтран 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх”-ээр зарласан. Ингэснээр Монголбанк энэ мөнгийг өөрийнхөө халааснаас бус, өр тавьж гарган ноос ноолуур, мах, шатахуун, барилгын гээд өсөлттэй байсан бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад зарцуулсан түүхтэй. Үүнд
- Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулахад 167 тэрбум
- Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний үнийг бууруулахад 303 тэрбум
- Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад 248 тэрбум
- Барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулахад 1608 тэрбум
- Эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулахад 80 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан.
О.Содбилэг гишүүн хамаарал бүхий Петровис ХХК-ийн охин компани болох НИК, Петростар ХХК-иуд 81 434 526 720 /наян нэгэн тэрбум дөрвөн зуун гучин дөрвөн сая таван зуун хорин зургаан мянга долоон зуун хорин төгрөг/-ийг Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд жилийн 3.8 хувийн хүүтэйгээр зээлжээ.
Дээрх зураг бол шатахуун импортлогчид Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хэдийг авсан баримт. Өнгөрсөн хугацаанд хамгийн их хэмжээний буюу 57.4 тэрбум төгрөгийн зээлийг “НИК” компанид олгосон бол “Магнай Трейд”, “Шунхлай”, “Содмонгол” зэрэг компаниудад олгосон зээлийн хэмжээ удаалж байна.
Монголын тэргүүн баячуудын эгнээнд багтах гурван гэр бүл тус бүр нь 33 хувь эзэмшдэг Петровис ХХК нь дотроо найман охин коипанитай. Тодруулбал,
- НИК ХХК
- Петро стар ХХК
- Петро трейдинг ХХК
- Петротрак
- Петровис тос
- Юнигаз
- Петро матад
- Петровис ресоурс гэсэн найман охин компанитай. Үүнийхээ нэг болох НИК ХХК-ийн 57 434 526 720, Петро стар ХХК 24 000 000 000 тэрбум төгрөгийг нийт 81 434 526 720 /наян нэгэн тэрбум дөрвөн зуун гучин дөрвөн сая таван зуун хорин зургаан мянга долоон зуун хорин төгрөг/-ийг жилийн 3.8 хүүтэй зээлсэн нь харагдаж байна.
Тэгвэл УИХ-ын гишүүний хамаарал бүхий, Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө зээлсэн байгууллагуудын үүсгэн байгуулагч болон одоогийн удирдлага хэн бэ?
Улсаас их хэмжээний мөнгө салгаж чадсан Петростар ХХК нь Улаанбаатар хот дахь шатахууны жижиглэн борлуулалт, шатахууны картын үйлчилгээ, “Петромарт” сүлжээ дэлгүүр, “Petro Car Wash” авто угаалгын үйлчилгээ эрхэлдэг бол, НИК ХХК нь бүх төрлийн шатахуун, битум, мазутын импорт, орон нутаг дахь шатахууны борлуулалт, бөөний худалдаа, хадгалалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг.
Иргэд татвараа төлөх гэж унтах нойр, идэх хоолоо хасан зүтгэж байхад, эрх мэдрэлтүүдийн хамаарал бүхий компани нь ийнхүү хөнгөлөлттэй зээл авч, хүссэн үедээ үнэ нэмдэг энд дурдагдсан компаниудын эздийг шалгаж хариуцлага тооцох цаг ирснийг дуулгаж байна.
эх сурвалж: tac.mn