ЖДҮ-ийн асуудалд нэр холбогдсон дарга нартай У.Хүрэлсүх хариуцлага тооцож эхэллээ

ЖДҮ-ийн асуудалд нэр холбогдсон дарга нартай У.Хүрэлсүх хариуцлага тооцож эхэллээ

Засгийн газрын буланд шахаж байгаа бэрхшээл нь ЖДү-ийн сангийн зээл. Уг зээлд нэр холбогдсон өндөр албан тушаалтан бүртэй хариуцлага тооцохыг иргэд хүсч, бас шаардаж байгаа билээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-д нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг ёс зүйн хариуцлага хүлээж, ард түмнээс уучлалт гуйхыг шаардсан. Мөн өөрийн эрх мэдлийн хүрээнд ЖДҮ-ийн сангийн зээлийг олгох эрх мэдэлтэй байсан ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах санаачлага гарган, УИХ-д өргөн мэдүүлж, асуудлыг шийдүүлсэн билээ.

Харин түүний дараагийн алхам нь Засгийн газарт нь багтаж байгаа өндөр албан тушаалтангуудыг ажлаа өгөхийг шаардаж, зохих шийдвэрийг гаргахаар болжээ. Нэн тэргүүнд Засгийн газрын хуралдаанаар оруулан Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхагвасүрэнтэй хариуцлага тооцох юм байна. БХБ-ын дэд сайд Ш.Лхагавсүрэнгийн хамаарал бүхий "Дархан мах" ХХК нь ЖДҮ-ийн сангаас 450,000,000 төгрөгийн зээл авсан гэх асуудалд холбогдоод байгаа билээ.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд өөрийн эрх мэдлийн хүрээнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, УБЦТС" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан, Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа нартай хариуцлага тооцохоор болсон мэдээлэл байна.

УБЦТС" ТӨХК-ийн захирал Ц.Барясайханы хамаарал бүхий "Баяр плант ХААБ" ХХК, Капиталфактори" ХХК, "Эм Эм Жи капитал" ХХК-ийн нэр дээр 3 тэрбум 300 сая төгрөгийг авчээ.

Харин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорын хамаарал бүхий Хос Эрхэс" ХХК нь ЖДҮ-ийн сангаас 500,000,000 төгрөгийн зээл авчээ.

Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаагийн хамаарал бүхий компани болох " Их Улс" ХХК нь ЖДҮ-ийн сангаас 680,000,000 төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл ил болоод байгаа билээ.

Эдгээр эрхмүүдтэй нэн тэргүүнд хариуцлага тооцож, Засгийн газарт хийх их цэвэрлэгээгээ эхлүүлнэ хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхандаа хэлсэн мэдээлэл дуулдаж байна.

Харин сайд болон УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцох асуудал нь Улсын их хурлын эрх мэдлийн хүрээний асуудал. Иймд ЖДҮ-ийн асуудалд нэр холбогдсон сайд нарын асуудлыг УИХ дээр ярьж, шийдэх учиртай хэмээн байр сууриа илэрхийлсэн гэнэ.