Ц.Цогзолмаа шогтов, харин С.Жавхлан МАНАН-ын эрх ашгийн төлөө кноп дарна гэж үү

Ц.Цогзолмаа шогтов, харин С.Жавхлан МАНАН-ын эрх ашгийн төлөө кноп дарна гэж үү

Авлигачид Засгийн газрыг огцруулахаар хөдөлж эхэллээ... Шог санагдахгүй байна гэж үү. УИХ дахь МАН-ын бүлгийн даргаасаа саяхан огцорсон Д.Хаянхярваа М.Энхболд гэдэг эзнийхээ зараалаар Төрийн ордонд хор, хов хутгаж гүйсний эцэст 26 гишүүнээр гарын үсэг зуруулжээ. Энэ 26-д нь дуулиант "60 тэрбумын хэрэг”-ийн гол эзнээс эхлээд ЖДҮ-чид, концессчид, тендерчид, бохьчин, огцрогсод, гомдогсод, бялуу горьдогсод гээд МАН-ын төдийгүй манай төрийн "гологдлууд” цөм багтжээ. Мань Д.Хаянхярваа ч цэвэрхэн амьтан биш. Дархан-Уул аймгийн Хонгор сумынхан хордсон, УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр "Эрдэнэт”-ээс мөнгө гаргуулж тойргийнхондоо тараасны хүчинд арайхийж сонгогдсон гээд мундахгүй олон факт хэвлэлээр нэг бий. Хамгийн хошин нь У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газрыг огцруулахаар "60 тэрбумын хэрэг”-ийн эзэнд гарын үсэгнүүдтэй бичгээ гардуулсан энэ үйл явдалд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гар бие оролцож, камерын өмнө улайх ч үгүй зогсох. Одоогоос жил гаруйхны өмнө У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох эсэхийг УИХ-аар хэлэлцэх үед М.Энхболдын талынхан буюу нөгөө 33 бойкот хийж, Ц.Мөнх-Оргилоос бусад нь чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй. Харин ч эсрэгээрээ чуулганы танхимын үүдэнд сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийж шогтож байсан удаатай. Тэдний дунд индэр голлон зогсож байсан Ц.Цогзолмаа ёстой л ямар цог заль гаргасан юм бүү мэд, нэг л мэдэхэд У.Хүрэлсүхийн танхимд Монголын хамгийн том төсөвтэй, олон салбарыг нэгтгэн хариуцдаг яамны сайдаар ажиллах болсон юм. Гэтэл одоо тэрбээр Ерөнхий сайд болон өөрийнхөө ажилладаг танхимын эсрэг золбин улс төр хийж явна. Өөрөө сайд, нөхрөө төрийн өмчит компанийн захирал, охиноо яамны газрын дарга, тойрон хүрээлэгчдээ БСШУСЯ-ныхаа газар, хэлтсийн дарга болгож чадсан энэ эмэгтэйд Монгол төр ингэхэд ямар өртэй юм бэ. Ямар хүсэл шуналыг нь хангаагүй учраас Ц.Цогзолмаа гэдэг сайд салбарынхаа ажлыг умартан засаг төрийг үймүүлэх ажилд оролцох болов оо. Үнэн хэрэгтээ энэ Засгийн газрын хамгийн муу бөгөөд У.Хүрэлсүхийн танхимыг муухай харагдуулж байгаа сайд бол Ц.Цогзолмаа. Олон жилийн өмнө Сүхбаатар дүүргийн Засаг даргаас хэл ам, хэрүүл шуугиан, жагсаал тэмцэлтэйгээр огцорч байснаа тэр мартав бололтойдог шүү. "Бадарчин явсан газар балагтай” гэдэг шиг Цогзолмаагийн очсон газар болгон хэрүүл уруул, хагарал бутралтай байдаг аж. Энэ Засгийн газраас огцрох ээлжит сайдаар тодорсон учраас Ц.Цогзолмаа ийнхүү М.Энхболдынхонтойгоо нэгдэж, Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан байж мэднэ.

МАН-ын даргын тэргүүлж буй Засгийн газарт төрийн хүний ноён нуруутай, зангарагтай сайд нар цөөнгүй бий. Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нараас гадна Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат нар нэгийг харж, нөгөөгөөс урвах хямдхан улс төр хийхгүй байгаа нь Төрийн ордон дахь бужигнаанаас харагдана. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 27 гишүүн МАНАН бүлэглэлийн олигархиудын ашиг сонирхлыг "Монголын том эрх ашиг” хэмээн тунхагласан бол У.Хүрэлсүхийн танхимын тулах багана болсон дээрх сайд нар төр тогтвортой байх нь монголчуудын хамгийн том эрх ашиг болохыг үг, үйлдлээрээ харуулж байна. Тиймдээ ч тэд Д.Хаянхярваа мэтийн хоронд хордож, Төрийн ордон дахь хутган үймүүлэлтэд оролцохгүй байгааг онцлох нь зүйтэй байх. Харин УИХ-ын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичгээ нэгэнт өргөн барьсан учраас УИХ хуулийн дагуу хэлэлцэж таарна. Сөрөг хүчнийхэн У.Хүрэлсүхийн танхимын эсрэг 27-г дэмжихээ илэрхийлсэн бол О.Баасанхүү гишүүн ч бас балиашиглаж яваа. Өөрөөр хэлбэл, МАН-ын 27+АН-ын 9+О.Баасанхүү... Ингэхэд С.Жавхлан гишүүн яах бол. Олон нийтийн сонирхлыг түүний байр суурь ихээхэн татаж байгаа. Тиймээс "Төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын талаар байнга шахам хөндөж, үймээн самуун, ороо бусгаа байдлыг цээрлэдэг дуучин гишүүн маань энэ удаад У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахын эсрэг санал өгөх болов уу. МАНАН бүлэглэлийн том эрх ашиг биш, Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхлыг С.Жавхлан гишүүн хамгаалж үлдэх биз ээ” хэмээн иргэд үзэл бодлоо уралдуулж байна. Нээрэн л УИХ-ын гишүүн С.Жавхлан энэ Засгийн газрыг аврах сүүлчийн найдвар нь ч юм билүү, хэн мэдлээ. О.Баасанхүү шиг барьцгүй загначихгүй л бол... МАНАН-ын олигархиудын эсрэг кноп дараасай. Энэ бол эрх баригчдын биш, төрөө тогтвортой, авлигачдаас ангид байлгах гэсэн нийт монголчуудын эрх ашиг билээ.

 эх сурвалж: tur.mn