УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нь амралтын өдөр буюу ням гарагт сүржин мэдээллийг цацаж олныг гайхшруулсан билээ. Учир нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нь бямба гараг буюу 2018 оны 11 сарын 17 өдөр УИХ-ыг тараах тухай байр сууриа илэрхийлж, өөрийн албан бланк дээр УИХ-ыг тараах санаачлага гаргаж, гишүүдийн гарын үсгийг цуглуулах тухай мэдэгдсэн. Мөн Засгийн газрыг огцруулах болно гэдэг байр суурийг ч илэрхийлсэн билээ.
Уг мэдээллийг хийсэнтэй нь холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэвлэлийн төлөөлөгч иргэн З гэгч нь байрныхаа үүдэнд зодуулж, хүнд гэмтэл авлаа. Энэ нь улс төрийн агууллгатай. Миний хэлсэн үг, байр суурьтай холбоотойгоор манай туслахын биед халдсан байж болзошгүй байна. Иймээс энэ асуудлыг шалгуулах болно хэмээн мэдэгдэж байсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын туслах иргэн З нь Баянгол дүүргийн 2 дугаар хороонд оршин суудаг юм байна. Иргэн З нь үл таних хүмүүст зодуулсан гэх гомдлыг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст мэдээлснийг жижүүрийн бүрэлдэхүүн хүлээн авч, шалгалт хийсэн эхэлжээ.
2018 оны 11 дүгээр сарын 18-ны шөнийн 02.00 цагийн орчим иргэн “З” өөрийн гэр болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо 40 дүгээр байрны шатаар өгсөж байхад үл таних 2 хүн араас нь боож нүүрэн тус газар нь хатуу зүйлээр цохиж, өшиглөн гэмтэл учруулан зугтаасан гэх асуудлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад өөр нөхцөл байдал илэрсэн гэж цагдаагийн эх сурвалж мэдэгдлээ. Иргэн З-ийн зодуулсан гэх хэрэг нь үнэн хэрэгтээ өөр үйл явдлаас үүдэлтэй болох нь тогтоогдсон гэж цагдаагийн эх сурвалж мэдэгдлээ.
2018 оны 11 дүгээр сарын 17-оос 18-ыг шилжих шөнийн 01.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айриш паб”-ын вип өрөөнд хохирогч “З” нь өөрийн үеэл дүү болох “М”, түүний найз болох “М” нартай орж, согтууруулах ундаа хэрэглэсэн байна. Дээрх гурван эрхэм нь согтууруулах ундаа хэрэглэж байхдаа хоорондоо маргаж “З” нь эхэлж ширээн дээр байсан лаазтай ундааг өөрийн үеэл дүү болох “М” рүү шидсэн нь түүний цээж орчимд оносон гэнэ. Харин “М” өөрлүү нь шидсэн ундааг авч зөрүүлэн шидэж “З”-ийн толгойг онож хагалж гэмтэл учруулсан үйл явдал болсон тухай цагдаагийн мэдээлэлд бичигдсэн гэнэ. Иймээс цагдаагийн бие бүрэллдэхүүн уг хэрэгт холбоотой сэжигтэн “М”-ийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01.50 цагт баривчилж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүлээлгэн өгч, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Иргэн З болон М нарын хооронд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын мэдэгдсэн шиг улс төрийн шинж агууллагатай зөрчилдөөн үүсээгүй. Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хийсэн УИХ-ыг тараах тухай, Засгийн газрыг огцруулах тухай мэдээлэлтэй нь холбоотойгоор түүний туслах З-ийн биед халдсан явдал гараагүй гэдэг нь ийнхүү тодорхой болж байх шиг байна.
Улс төрчид хоёр алхахгүй баригдахын тулд худал ярьж, том дуугарч, мэдэмхийрэх нь эргээд сонгогчтойгоо уулзах нүүрэнд нь халтай гэдгийг ухаарахгүй, өнөөдөртэйгөө л шоудах болж байгаагийн бас нэг жишээ ийнхүү илэрч байх шиг байна.