Тавантолгойгоос Гашуун сухайт, Ганц мод боомтын чиглэлд уртын урт тээвэр явуулах шийдвэрийг эргэн харж, асуудлыг шийдвэрлэхийг Нүүрс тээврийн төлөөлөл олон нийт болон Засгийн газарт хандсан билээ.
Уг асууддлыг засгийн газрын хуралдаанаар өнөөдөр хэлэлцсэн байна. Уртын урт тээврийг цуцалж, урт-богино болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас дөнгөж сая гаргалаа. Ингэснээр 137 км урт дараалалд буй жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгаад буцах юм. Дотоодод нэмүү өртөг үлдэж, жолооч нар хилээр гарах гэж 14 хоног зогсох явдал арилна гэж Засгийн газар үзэж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрсний тээврийн 160 компанид цалин нэмэгдүүлэх шаардлага хүргүүлжээ. Зам тээврийн хөгжлийн сайд болон Эрүүл мэндийн сайд нарт мөн жолооч нарын орчин, эрүүл мэндэд анхаарахыг үүрэг даалгавар өгсөн байна. Төмөр зам, авто замаа яаравчлуулах, жолооч нарт зориулсан 2500 машин зогсох, амрах өрөөтэй цогцолборыг яаравчлуулах, эрүүл мэндийн явуулын үйлчилгээг тогтмолжуулах арга хэмжээг авахаар боллоо.